Г.ГҮРРАГЧАА : ЦЕГ-аас “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

2020 оны 08-р сарын 31 өдөр, 10 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
xdnor

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Г.Гүррагчаатай “Хичээл эхэллээ” арга хэмжээний талаар ярилцлаа.

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтаж “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Өнгөрсөн оны есдүгээр сард улсын хэмжээнд 121 оюутан, сурагч гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, гэмт хэргийн улмаас 196 оюутан, сурагч хохирч, сургууль, цэцэрлэгийн орчимд 8 гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан оюутан, сурагчдыг архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ЦЕГ-аас “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд Коронавирусын халдвар тархах эрсдэлтэй цаг үетэй давхцаж байгаа учраас сургууль, цэцэрлэгийн орчмын бүсэд цагдаагийн байгууллага бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран болзошгүй үед хүүхэд, залуучуудын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гарган, эрсдлийн үнэлгээ хийж, аюулгүй байдлыг хангах тал дээр хамтран ажиллахаар болсон.

Энэхүү “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 25-аас есдүгээр сарын 15-ыг хүртэл улсын хэмжээнд үргэлжилнэ. Уг нэгдсэн арга хэмжээнд Цагдаагийн байгууллагатай аймаг, дүүргийн боловсролын хэлтэс, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, ЗТХЯ хамтран ажиллаж байна.

Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

“Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ойлголт, мэдээлэл өгөх, School police-н үйл ажиллагааг дэмжих, арга зүйн туслалцаа үзүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд, эцэг, эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сурууглиудын эцэг эхийн зөвлөлтэй хамтран мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цар тахлаас урьдчилан сэргийлж халдвар, маск зүүх, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллыг сахиж буй хэсэгт мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавих зэрэг ажлууд хийгдээд явна.

Түүнчлэн сургууль, цэцэрлэг орчмын камерын хяналтыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах, олон нийтэд урьдчилан сэргийлэх зөвлөмж, анхааруулах мэдээ мэдээллийг хүргэж ажиллах юм.

Сургууль цэцэрлэгүүд бүгд их, бага хэмжээгээр камерын хяналттай болсон гэхдээ бид одоо тэрхүү камеруудыг тооноос чанарт шилжүүлэх нь чухал асуудал болоод байгаа, чанартай стандартын камерыг тавьж суурилуулахыг цагдаагийн байгууллаас их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад зөвлөж ажиллана. 

Эцэг эхчүүдэд хандан ямар зөвлөмжүүдийг хүргэх вэ?

Мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавьж, ажиллахаас гадна эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, сургууль, цэцэрлэгээс хүүхдээ тогтоосон хугацаанд хүргэн өгч, авч байх, оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байж, гэрэлтэй, камерын хяналттай зам, гудамж талбайгаар зорчуулахыг зөвлөж байна.

Мөн хүүхдийнхээ гар утас, цахим хэрэглээнд хяналт тавьж, цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо гарцаар гарах, хүүхдүүддээ ЗХД-ийг тайлбарлаж, мөрдүүлэхийг хүсч байна.

Эдгээр зөвлөмжүүд нь энгийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгддөг юм шиг боловч санаандгүй үйлдлээс болж та бид хүүхдийн аюулгүй байдлыг алдахад хүргэдэг юм шүү гэдгийг анхааруулья.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх