Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тодотголын тухай хууль болон нэмж эрүүл мэндийн салбарын хэд хэдэн хуулийн өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн яам Сангийн яамтай ярилцаж, Засгийн газрын зүгээс оруулаад байна. Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, Нэг худалдан авагчийн тогтолцоо буюу стратегийн худалдан авалтыг хийхэд шаардлагатай эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад орох шаардлагатай өөрчлөлтүүдийг бид бүхэн орууллаа.
Үүгээр цаашид эрүүл мэндийн салбарт зөв санхүүжилт хийх эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн хэмжээгээр цалин урамшууллаа авдаг болно. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрах зэрэг томоохон өөрчлөлтүүд гарна. Цаашид эдгээр хуулийн өөрчлөлтийг дагасан үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг боловсруулах шаардлага гарч байна. Тухайлбал 2020 оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх хөнгөлөлттэй эмийг олгох өөрчлөлт хийгдлээ. Хөнгөлөлттэй эмийг төвөг чирэгдэл багатайгаар бүх эмнэлгийн бүх шатны эмч ажилтнууд бичдэг болно. Мөн бүх эмийн сангуудаар олгох боломжийг бүрдүүллээ.
Журмаар тодорхой зохицуулалтуудыг хийж, ард иргэдэд учирч байгаа чирэгдлийг багасгана. Бусад хуулийн өөрчлөлтүүд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулиуд хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн зөв тогтолцоо бий болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, түүний чанарт мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлт гарахаар болж байна.” гэлээ.
“Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай шинэ хуулиар Резидент эмч нар цалинтай болно”
Мөн тэрбээр эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай шинэ хуулиар резидент эмч нар 2020 оны нэгдүгээр сараас цалинтай ажиллана. Ингэснээр хариуцлага хүлээдэг, үүрэг хүлээдэг хариуцлагатай тогтолцоо руу орж, эмнэлгийн боловсон хүчний тоо нэмэгдэнэ. Ингэснээр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч нар орон нутаг, дүүрэгт ажиллах боломж бүрдэнэ гэсэн юм.
ВИДЕО: