“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Сайн аав-Эрүүл харилцааны үндэс” сэдэвт сургалтыг Эрдэнэт цогцолбор дээд сургууль дээр зохион байгуулж байна. Уг сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, “Эхлэл-Азийн оргил манлайлал” ТББ-тай хамтран хийж байна. Энэ удаагийн сургалтад Эрдэнэт үйлдвэрт ажилладаг 18-36 насны хоёроос дөрвөн хүүхэдтэй 150 аав сонгогдон оролцож байгаа юм. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өрхийн тэргүүн аавууд манлайлагч байснаар гэр бүлийн орчинд хүүхэд зөв хүмүүжиж улмаар нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна.
Өнгөрсөн жил Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 1525 ажилтныг хамруулсан социологийн болон сэтгэл зүйн судалгаа явуулж, үйлдвэрийн цаашдын хүний нөөцийн хөгжилд зайлшгүй шаардлагатай асуудлуудыг гарган, таван хөтөлбөр боловсруулжээ. Үүний нэг нь “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр” юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд явуулж байгаа сургалтын талаар ЗХНБГ-ын дарга О.Отгонбаяр хэлэхдээ: “Залуу ажилчид өргөн мэдлэгтэй, ур чадвартай, зөв хандлагатай, өндөр чадамжтай байх нь ямар ч байгууллагын хувьд үнэт зүйл. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хүний нөөцийн бүтцийн 70 гаруй хувийг 40 хүртэлх насны залуус эзэлж байна. Таван жилийн өмнө гэхэд байдал өөр байлаа. 20 настай Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон хүмүүс 40 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарснаар үйлдвэрийг цаашид авч явах дараа үеийн залуус бий болсон. Тэгэхээр залуучуудаа хөгжүүлэхийн тулд бид юу хийх вэ, тэд яг юу хүсэж байна вэ гэдгийг судалгаагаар гаргалаа. Залуус цалин хөлс, нийгмийн баталгаанаас илүү хувь хүний тухайд хөгжих, боловсрох асуудлыг хөндсөн байсан. Иймд энэхүү судалгаанд үндэслэн бид “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийг боловсрууллаа.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санаачилгаар 100 ажилтныг дэмжих хөтөлбөр цаашид үргэлжилнэ. Өнөөдөр эхлэл болгон “Сайн аав-Эрүүл харилцааны үндэс” сургалт зохион байгуулж байна. Бид ажилтнуудаа мэргэжил, ур чадвар, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургахаас гадна гэр бүл нь тогтвортой, сэтгэл ханамжтай байж өндөр бүтээмжтэй ажиллана гэж үзсэн. Иймээс үр хүүхдэдээ халамжтай сайн аав байхад энэ сургалт тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Гэр бүлийн орчин сайн байснаар ажилтан, ажилчид байгууллагадаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллана” гэлээ.
Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС
Эх сурвалж: erdenettoday.mn