Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайг Тосонцэнгэлд нээлээ

2020 оны 08-р сарын 17 өдөр, 09 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
117697549_296698638090116_1507024181146924444_n-696x392

Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын зориулалтын талбайтай болжээ. Уг талбайг тус сумын “Тосон идэр Мэргэн” холбооны харваачид өөрсдөө засч тохижуулсан байна. Тус сумын харваачид нэгдэж, 2017 онд “Тосон идэр мэргэн” холбоог байгуулсан аж. Холбоо байгуулснаар сумын харваачид клубын системд шилжиж, бэлтгэл сургуулилт тогтмолжих эхлэл тавигджээ. Анх холбоонд арав хүрэхгүй харваач гишүүнчлэлтэй байсан бол гурван жилийн дараа гэхэд насанд хүрэгчид болон өсвөрийн ная гаруй харваачтай болж өргөжсөн байна. Харваачдын тоо ийнхүү нэмэгдэж байгаа учраас сумын төвдөө зориулалтын талбайтай болох зайлшгүй шаардлага үүсчээ. Тосонцэнгэл суманд үндэсний сурын спортыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцож, олон шавь бэлдэж буй аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэнгэл энэ талбайн ач холбогдлыг зөвхөн Тосонцэнгэлийн харваачдаар хязгаарлахгүй байна.

Б.БАТЦЭНГЭЛ:             

ҮНДЭСНИЙ СУРЫН СПОРТЫН МАСТЕР, АЙМГИЙН МЭРГЭН 

Өөрсдийн нөөц бололцоог дайчилж, үндэсний сурын холбооны дүрэмд заасан стандартын дагуу талбайтай боллоо. Энэ талбайд нэгэн зэрэг 24-28 харваач босч, сум тавих хүчин чадалтай. Энэ талбайд Тосонцэнгэлийн залуучууд үндэсний сураар хичээллээд зогсохгүй хол ойрын харваачид бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой. Манай Тосонцэнгэл сум улсын чанартай төв зам дагуу байрлалтай учраас ийш тийшээ сурын харвааны тэмцээнд явж байгаа харваачид Тосонцэнгэлээр дайран өнгөрөхдөө энэ талбайд хэдэн сум тавьж, бэлтгэл базаах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ талбай Монголын бүх харваачид нээлттэй гэж ойлгож болно.


Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын баялаг уламжлалтай. Улсын наадамд таван удаа түрүүлсэн, дөчин суманд дөч оносон гэх хоёр ч сүрдэм амжилтыг дангаараа эзэмшдэг Гавьяат тамирчин, Улсын дархан мэргэн Даваахүү Тосонцэнгэл суманд төрж өссөн. Тэрээр гучин жилийн өмнө энэ талбайд анхны сумаа тавьж байсан түүхтэй. Тийм ч учраас “Тосон Идэр мэргэн” холбооны харваачид сурын талбайгаа Монгол Улсын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүгийн нэрэмжит болгож, түүнд хүндэтгэл үзүүлжээ. Төрсөн нутагт нь ийнхүү өөрийнхэн нь нэрэмжит сурын талбай ашиглалтад орсон явдалд Ш.Даваахүү мэргэн сэтгэгдлээ ийн илэрхийллээ.

Ш.ДАВААХҮҮ:                   

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ДАРХАН МЭРГЭН

Ийм талбай бий болсноор орон нутагт үндэсний сур хөгжих маш том дэмжлэг буюу тулгуур багана нь бослоо гэж үзэж байна. Би гучин жилийн өмнө яг энэ талбай дээр анхны сумаа тавьж, бэлтгэлээ эхлүүлж байсан. Энэ талбай үндэсний сурын спортод үзүүлсэн миний амжилттай салшгүй холбоотой. Гучин жилийн хугацаанд энэ талбайг өөр зориулалтаар ашиглалгүй, өдий зэрэгтээ хадгалж, хамгаалж, тордож ирсэн Б.Батцэнгэл багшид, сум орон нутгийн удирдлагууд, харваачдадаа талархал илэрхийлмээр байна. Цаашдаа энэ талбайгаас миний амжилтыг эвдсэн олон сайн харваачид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.


Сумын төв байтугай аймгийн төвдөө сурын зориулалтын талбайтай аймаг тун цөөн бий. Тосонцэнгэлийн харваачид өмнө нь бэлтгэл хийхийн тулд төвөөсөө дор хаяж 5-10 км зайд гарч байж, задгай талбайд харвадаг байжээ. Харин одооноос энэ хүндрэл арилж, бэлтгэл сургуулилтаа стандартад нийцсэн зориулалтын талбайд тогтсон хуваарийн дагуу хийх боломж бүрдээд байна.

З.СҮЛДБОЛД:                  

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН, ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН УУГУУЛ

Арваадхан жилийн өмнө нутагтаа ирж харваж байхад цөөхөн буюу 10 хүрэхгүй хүн харвадаг байсан. Ийм сурын талбай ч байгаагүй. Харин өнөөдөр ийм том талбайд багтахааргүй их харваачтай болсон байна. “Тосон Идэр мэргэн” холбооны үйл ажиллагаа ч өргөжиж, сумандаа өөрийн гэсэн үндэсний сурын талбайг нээж байна гэдэг бол Тосонцэнгэл суманд сурын хөгжил ямар хурдацтай явагдаж байгааг илтгэж байгаа юм.


 Б.НАЦАГДОРЖ           

АЙМГИЙН ИДЭР МЭРГЭН, 12Р АНГИЙН СУРАГЧ

Өмнө нь сурын талбайгүй байхад сумын төвөөс 5-10 км зайд гарч хөдөө харвадаг байсан. Хүүхдүүдэд бэлэн унаа байхгүй учраас хол зайд алхана, заримдаа томчуудыг гуйж царайчилна гээд хүндрэлүүд байсан. Харин одоо ингээд сумын төвдөө буюу гэрийнхээ хажууд талбайтай болсноор өдөр болгон бэлтгэл хийх аятай боломж бүрдлээ. Гэрийнхээ хажууд ийм талбайтай болсон учраас өсвөрийн харваачдын тоо нэмэгдэнэ гэж бодож байна. Тэр хэрээр өрсөлдөөн ширүүсэх байх.


“Тосон идэр мэргэн” холбооноос үндэсний сурын спортын мастер гурав, дэд мастер хоёр, аймгийн мэргэн нэг, аймгийн гарамгай харваач тав тус тус төрөн гарчээ. Үндэсний сурын харваачид өв соёлыг тээгчид гэж тооцогддог. Тэр ч утгаараа Тосонцэнгэл суманд сурын талбай ашиглалтад орсноор өв соёлоо залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээх ажилд маш том дэмжлэг бий болж байна. Талбайг тохижуулахад “Ай энд Жи Интернэшнл” ХХК таван сая төгрөгийн хандив өргөж, цаашид “Тосон Идэр мэргэн” холбооны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.







Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх