Эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч болсон эрүүл мэндийн ажилтны өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд олон жилийн турш сонсогдож байгаагүй нэгэн үйл явдал боллоо.
Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.
Д.Дөлбаяр эмч 2015 онд хүний их эмчийн мэргэжил эзэмшин , улмаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг бол түүний эхнэр Н.Буяннэмэх ерөнхий мэргэжлийн эмч юм байна. Тэд төрөлх нутагт нь эмчийн дутагдалтай байгааг сонсоод дээрх шийдвэрийг хамтдаа гаргажээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан түүний энэхүү хүсэлтийг баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлээд Д.Дөлбаяр эмч болон түүний гэр бүлийн энэхүү хүсэлт нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутаг дах эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оруулж байгаа “Эмч гэр бүл”ийн томоохон хувь нэмэр болно гэдгийг онцоллоо. Цаашид олон залуучууд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагтаа очиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах санаачилга гаргаж байгаа эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн чиглэлээр гадаад улсад сургалтад хамруулах, мэргэшүүлэх сургалтад улсын төсвийн санхүүжилтээр суралцуулах, мэргэжлийн зэрэг ахиулах, нэг жилийн багц цагийг бүрдүүлсэнд тооцох зэрэг дэмжлэгийг үзүүлэх болно гэлээ
“Эмч гэр бүл” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана
2020 оны 08-р сарын 14 өдөр, 14 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )