Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, шинэ зам болон бусад бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Энэ үеэрээ Монгол Улсын гавьяат цол хүртээж, “Эхийн алдар” одон гардууллаа.
Энэ жил Дундговь аймгаас нийт 161 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг найм, Хоёрдугаар зэргийн одонг 153 ээжид хүртээж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шагнал гардуулсныхаа дараа алдарт ээжүүдэд хандан үг хэлэхдээ, “Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулна гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа, улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт” болохыг онцоллоо. Мөн тэрбээр Монголын иргэдийг эрүүл саруул, цовоо цолгин, аз жаргалтай өсгөн бойжуулж байгаа ээжүүдэд халуун талархал илэрхийлж, баяр хүргэв.
Мөн энэ үеэр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат, “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баяр хүргэж үг хэлэхдээ, “Өнөөдөр одонгоо гардаж байгаа олон эхчүүдийн хамт нэгэн буянтай бууралд Монгол Улсын гавьяат малчин цол, тэмдгийг гардууллаа. Энэ хүн бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай юм. Тэрбээр 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ.
С.Цэгмид гуайг сар гаруйн өмнөхөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан. Үйлс буян нь дэлгэрсэн бууралдаа зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөлийг дэвшүүлье” гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.
“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.