Эрүүл эх дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе

2020 оны 08-р сарын 05 өдөр, 08 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c6adba2cca6773df084163bdd05b0baab235cd49

Монгол улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал юм. Өнөөдөр эрт амлуулалт 70% байгаа бол нийт нялхсын дөнгөж 50% эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Цаашлаад 2 хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46% нь эхийн сүүгээр хооллож байна.
Гэтэл эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог. Эхийн сүү хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, эндэгдлээс хүртэл хамгаалах анхны дархлаажуулалт болдог. Эхийн сүүнд шүүрлийн иммуноглобулин, цагаан эс, шар сүүний уураг, олигосахаридууд гэх мэт нялхсыг нян, вирусын  халдвараас хамгаалах маш олон хүчин зүйлүүд байдаг. Мөн эх хүүхдийн аль алиных нь эрүүл мэнд, хоол тэжээлийн байдал болон сэтгэл санааг дэмжихэд чухал ач тустай юм.
Эхийн сүү нь дэлхий дахинд бага насны хүүхдийн хатгалгаа, суулгалтаас шалтгаалах эндэгдлээс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс шалтгаалах эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж чаддаг. Судалгаанаас үзэхэд хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор жил бүр хөхний хавдраас шалтгаалсан 20,000 нас баралтаас сэргийлж, 823,000 хүүхдийн эндэгдлээс сэргийлэхээс гадна Дэлхийн эдийн засгийг 302 тэрбум ам.доллараар хэмнэх тооцоо гарсан байна.
Жил бүрийн 8 дугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Эрүүл эх дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе” уриан дор зохион байгуулагдаж байна.
Иймээс “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран эрүүл эх, хүүхдийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжихийг уриалж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх