УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан өнөөдөр /2020.08.04/ ХНХ–ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон тус яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн талаар санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа энэ чухал үед Хүний хөгжлийн цогц бодлогын асуудлыг холбогдох тулгуур яамд анхаарч, уялдаа холбоогоо сайжруулахыг санууллаа. Өмнөх жилүүдийн алдаа нь салбарууд тус тусдаа хөгжил ярьсаар, хүнээ хөгжүүлэх асуудал дунд нь орхигдсоор ирсэн. Хэдийгээр хүний хөгжлийн асуудал ХНХЯ–ны эрхлэх асуудалд байгаа ч салбар бүрийн уялдаа холбоогүйгээр энэ ажил урагшаа явдаггүй. Иймээс эхний ээлжид хамтарсан ажлын хэсэг гаргаж, яамдууд идэвх санаачилгатай ажиллахыг сануулж өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаагаа дурдлаа.
Сайдууд тус тусын салбарынхаа хүний хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах санал, хийх ажлын төлөвлөгөө болон тулгамдаж байгаа асуудлуудаа ярьж байлаа. Тухайлбал Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн цэцэрлэг, сургуулийн хөтөлбөр агуулгад олон улсад үнэлэгдэх Монгол хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн санал санаачилга бий, үүнд анхааран ажиллах болно гэлээ. Соёлын сайд С.Чулуун хүний хөгжил зам барихтай адил ажил биш аажимдаа хөрсийг нь сайн суулгах асуудал. Иймээс шинээр байгуулагдсан Соёлын яам Хүний хөгжлийн цогц бодлогын асуудалд идэвх санаачилгатай ажиллах гол яам байх болно гэдгээ онцоллоо. Мөн төрийн нарийн бичгийн дарга нар саналуудаа хэлж хамтарч ажиллахад бэлэн байна хэмээсэн юм. Хүнээ хөгжүүлсэн улс орон хөгждөг, хүний хөгжлийг ярихгүйгээр салбарын хөгжил ярих боломжгүй гэдгийг сайдууд хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг анх удаа боловсруулах гэж байна. Өмнөх хөгжлийн бодлогуудаас өөр гэдгийг анхаарах ёстой. Иймээс бүх салбарууд үүнд хойш суулгүй, ажил хэрэгч хандахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.