Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо. Улсын аварга П.Бүрэнтөгс 2012 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадамд ес давж Улсын арслан цол хүртэж байв.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн харьяат, “Увс нуур” дэвжээний бөх П.Бүрэнтөгсөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Улсын аварга цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж үг хэлэв. Тэрбээр “Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа, Өвгөд дээдэс минь тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалыг баримталж, түүхийг тасалж, ёсыг алдахгүйг хичээн энэ жилийн наадмаа зохион байгууллаа. Монгол наадам бол монгол түмний цэнгэлийн манлай, өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлын цогц юм. Наадам монголчуудын эв нэгдлийг бататгаж, үндэсний бахархлыг сэрээдэг. Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн аугаа их соёлоо үеэс үед уламжлан, Төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээЭрэмгий бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэд цэцээ гайхуулахыг харж баясахаас илүү сайхан зүйл үгүй билээ. Монгол үндэстэн байсан цагт монгол наадам тасалдах ёсгүйг бид баттай ойлголоо.
Тусгаар тогтнол юуны өмнө өөрийн гэх түүх, өв соёлоор, үндэсний их бахархлаар хэмжигдэнэ. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд үндэстний эв нэгдэл юунаас ч илүү үнэтэй бөгөөд үүнийг цаг мөч бүр тордон бататгаж байхын чухлыг энэ жилийн наадам дахин нотлон харууллаа. Үүнийг би энэ жилийн наадмын гол ололт хэмээн үзэж байна. Наадамчин олондоо баярлалаа. Сайхан наадаарай” хэмээсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс