Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1715 жолоочид хариуцлага тооцжээ

2020 оны 07-р сарын 03 өдөр, 12 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
garts

2020.06.29-07.03-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1126 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 799 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэн. Эдгээрийн 7 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3 орон нутагт  5 хүний амь нас хохирсон байна. эдгээрийн 1 нь хүүхэд байна.

 Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -10
  • Мөргөлдөх хэлбэрээр-5
  • Онхолдох хэлбэрээр-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Мопед, мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.06.29-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Баянцагаан сумын 4-р багийн нутаг дэвсгэр асфальтан замд Honda Fit маркийн Э жолоочтой автомашин Sinotruck маркийн Ө жолоочтой ачааны автомашиныг мөргөж, Honda Fit маркийн жолооч 50 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирсон,

2020.06.29-ны өдрийн 16 цаг 35 минутын орчимд СБД-ийн 19 дүгээр хороо Майхан толгойн зүүн урд замд Honda Insight  маркийн Х жолоочтой автомашин замын хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч 29 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирч, 31 настай, эрэгтэй Б гэмтсэн хэрэг,

2020.06.29-ны шөнийн 01 цаг 13 минутын орчимд ЧД-ийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн гудамжинд шороон замд Ford Escape маркийн О жолоочтой автомашин явган зорчигч 54 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон,

 2020.06.30-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Увс аймгийн Хяргас сумын 4-р багийн нутаг дэвсгэр /сумын төвд/ шороон замд Kia Granbird маркийн Н жолоочтой автомашин явган зорчигч 7 настай, эрэгтэй Ө-г мөргөж, амь насыг нь хохироосон,

2020.07.01-ний шөнийн 03 цаг 30 минутын орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэр асфальтан замд Hyundai Sonata маркийн Ө жолоочтой автомашин, улсын дугааргүй Yamaha маркийн А жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 23 настай, эрэгтэй А-гийн амь нас хохирсон,

2020.07.01-ний шөнийн 22 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын      2-р багийн нутаг дэвсгэр асфальтан замд Hyundai Grace маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 47 настай, эрэгтэй А-гийн амь насыг хохироосон,

2020.07.02-ны шөнийн 03 цаг 10 минутын орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо /Тэрэлж, Багануур салдаг уулзвар орчим/ асфальтан замд Toyota Alphard маркийн Т жолоочтой автомашин явган зорчигч 56 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон,

2020.07.02-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4-р багийн нутаг дэвсгэр /сумын төвд/ асфальтан замд Toyota Landcruiser-80 маркийн Т жолоочтой автомашин, Мустанг-5 маркийн О жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 34 настай, эрэгтэй О-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

 Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 11 зөрчил бүртгэгдсэн.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1715 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 15,2 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 47,8 хувиар,  ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг  75 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамааралтай заалт, шаардлагыг сахин биелүүлж, явган зорчигч нь явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч хэвших, жолооч явган хүний гарцан дээр зам тавьж өгсөн тохиолдолд зорчих хэсэг дээр алгуурлалгүй, түргэн шуурхай зам хөндлөн гарах, мөн чихэвч зүүсэн үедээ зам хөндлөн гарахгүй байхад анхаарна уу.

Харин жолооч та явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигч зам хөндлөн гарахаар завдаж байвал түүнд зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.