С.Амарсайхан: Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье

2020 оны 07-р сарын 02 өдөр, 11 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8f0d60d536b122da31b7242c5644d9b6

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хотын даргын албан тушаалаа өгч байгаатай холбогдуулан 1 жил гурван сар буюу 460 хоногийн хугацаанд хийсэн бодлогын ажлаа тайлагналаа. Өнгөрсөн хугацаа нийслэлчүүдийн хувьд томоохон шалгуур, сорилтуудыг даван туулсан түүхэн он цаг байсныг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Улаанбаатарчуудын гол асуудал болсон утааг 50 хувиар бууруулахад Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж, энэ шийдвэрийг бодитойгоор хэрэгжүүлэх гол хүч нь нийслэл хот, төрийн мянга мянган албан хаагчид хамтдаа хүчээ нэгтгэн ажилласан.  Дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй нь мөн нийслэлийн төрийн албан хаагчид өдөр, шөнөгүй ажилласны үр дүн юм. Мөн тэрбээр түүхэн цаг үеийг хамтдаа бүтээлцсэн ямар ч бэрхшээл сорилттой тулгарахад тал бүрээс хүч өгч ирсэн нийслэлчүүд болон нийт төрийн албан хаагч нартаа талархлаа илэрхийллээ.

Хотын даргаар ажиллах хугацаандаа агаар орчны бохирдол, ажилгүйдэл, ядуурал, орон сууцжуулалт дахин төлөвлөлт, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж зэрэг олон асуудалд анхаарч ажилласан. Эдгээр ажлуудыг үр дүнтэй ажил хэрэг болгоход УИХ, Засгийн газрын дэмжлэг байсныг энд дурьдлаа.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг батлууллаа

ХОТ буюу Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжлийн хүрээнд нийслэл хотын ирээдүйн бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулжээ. Нийслэлийг төрөлжсөн эдийн засаг, дагуул хот, дэд төвүүдтэй, хүн амьдрахад таатай орчин бүхий хот болгон хөгжүүлэх урт хугацааны үзэл баримтлалыг Засгийн газраар батлуулсан нь Хотын даргын томоохон ажлуудын нэг байлаа. Энэхүү баримт бичгийг Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх бодлоготой уялдуулан боловсруулсан юм. 2040 оны төсөөллөөр нийслэлийн хүн амыг 2.2 сая байх аж. Шинээр 495 мянган орон сууц ашиглалтад орж,  нэг сая 50 мянган ажлын байр бий болно гэсэн төсөөллийг гаргасан байна. Энэхүү төсөөллийн дагуу амьдрах таатай орчноор хүрээлэгдсэн, өндөр боловсрол, идэвхтэй амьдралын хэв маягтай, улсын ирээдүйн цөм болсон иргэнийг хөгжүүлэх юм. Байгаль орчны чиглэлээр экологийн коридорыг бий болгох бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын хилийг дагуулан 50 метр өргөнтэй суурьшлыг хязгаарлах ногоон бүсийг байгуулна. Мөн одоогийн байгалийн унаган төрхөөрөө байгаа газруудад болон төлөвлөлтийн дэд төвүүдэд цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах аж.

Түрээслээд өмчилдөг орон сууц хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүллээ

Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, эхний ээлжинд цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан төрийн албан хаагчдыг түрээслээд өмчилдөг орон сууцанд хамрууллаа. Иргэдийн хувьд санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцтай болох хэрэгцээ шаардлага бий. Харин энэ шаардлагын дагуу өргөн хүрээнд, богино хугацаанд олон айл өрхийг орон сууцжуулах ажил бодитойгоор хэрэгжиж эхэллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Энэ хүрээнд төслийн нэгдүгээр үе шат болох Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн дэд бүтэц, барилга байгууламж бүхий ажлууд хийгдсэн. Баянхошуу дэд төвд гэхэд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төвийг нээж, гэр хорооллын иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулж чадсан.

Нийтийн тээврийн цогц шинэчлэлийг эхлүүлэв

Нийтийн тээврийг хөгжүүлэх цогц арга хэмжээг авах том ажлуудыг эхлүүлсэн. агаарын галт тэрэг, дүүжин тээвэр, автобус, такси, дугуйн зам, сурагчдын автобус  зэрэг асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээвэрт эрс шинэчлэлийг эхлүүлэв. Эдийн засаг, байгаль орчинд ээлтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг хоёр давхар автобус, цахилгаан автобус, сурагчдын автобус зэргээр эхлүүлсэн юм. Сурагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлэх зорилготой “Сургуулийн автобус”-ыг 33 чиглэлд явуулж, ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй сурагчийг зөөж эхэлсэн бөгөөд ирэх хичээлийн жилээс тоог нь нэмэгдүүлэх аж.

Түүнчлэн иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийн манаанд өдөр, шөнөгүй ажилладаг цагдаа, эмнэлэг, онцгой байдлын алба хаагчдын парк шинэчлэлийг орхигдуулаагүй. Нийслэлийн Цагдаагийн газарт 40, эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бүрэн тоноглогдсон 40 ширхэг автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

Стандарттай ХОТ болоход анхаарч ажиллав  

Нийслэлийн Засаг даргаар томилогдохдоо Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрыг шинээр байгуулсан. Аюулгүй байдал, амар тайван амьдралын хэмжүүр болсон хотын стандартыг дагаж мөрдүүлэх ажлыг эхлүүлсэн нь иргэд, олон нийтийн өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэж чадсан том ажил байв. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажилд 14 төрлийн хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэн ажиллалаа. Нийслэл Улаанбаатар хотын камерын системийг бүрэн шинэчлэх төслийг эхлүүснээр телекамерын ухаалаг системд түшиглэсэн замын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээллийн тогтолцоо бий болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж аюулгүй хотыг бий болгохын төлөө ажиллав.

Түүнчлэн Улаанбаатар хотын нийт 12 байршил буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газруудыг нийслэлийн өмчид буцаан авлаа. Жишээ дурьдвал, Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, ногоон байгууламжийг бий болгосон. Хуучин Ахмадын хороо байсан газрыг Эх хүүхдийн талбай болгон тохижуулах ажлуудыг хийж байна.

Автозамын шинэчлэлийг хийж, дугуйн замыг барьж байгуулж байна

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой зам, гүүрэн байгууламжийг барьж байгуулах ажлуудыг эрчимжүүлэв. Уурхайчдын зам, Сонсголон, Яармаг, Замын цагдаа, Баянзүрхийн гүүрэн гарц баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн найман байршилд 52.8 км дугуйн замыг барьж байгуулж байна. Байршлын тухайд Гачууртын уулзвараас Налайх, Чойрын чиглэлийн уулзвар хүртэлх 16.6 км, Яармагийн гүүр орчмоос Налайх, Чойрын авто зам хүртэлх 17.3 км, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх 1.5 км, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км, Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн замын ажил тус тус багтаж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх