Хөгжил дагуулсан “Эрдэнэт”-ийн бүтээн байгуулалт үргэлжилсээр…

2020 оны 06-р сарын 22 өдөр, 18 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
rmz4

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын яам, агентлагийн төлөөлөгчид өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочилж, сүүлийн үед хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдсэн томоохон бүтээн байгуулалт, техник, технологийн  шинэчлэлийн ажилтай газар дээр нь танилцлаа. Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид өнгөрсөн онд буюу “Хөрөнгө оруулалтын жил”-д бүтээн байгуулалтын хоёр дахь шинэ үеийг эхлүүлж амжилттай ажиллан түүхэн олон дээд амжилтын эзэд болсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн цохон тэмдэглэсэн юм. Тэрээр “Уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлж, 37,2 сая тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэн дээд амжилт байлаа. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 961,7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байсан”-ыг онцлов.

ТОМ ТӨСЛҮҮД АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛНЭ

     Энэ үеэр, Эрдэнэт үйлдвэрт өрнөж буй бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх том төслүүдийн нээлтийн ёслол болсон юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх, Зэсийн баяжмал боловсруулах металлург-химийн үйлдвэр барих зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгааг дэлгэрэнгүй танилцууллаа. Том төслүүдийг хэрэгжүүлснээр, “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн биетийг бүрэн судалж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэн, олон улсын JORC стандартаар баталгаажуулан иж бүрнээр ашиглах юм. Мөн техник, технологийн шинэчлэлт хийснээр хүдэр олборлолтын өөрийн өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 10 хувиар бууруулж, үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа дээшилж, урт хугацаанд тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Шинээр 800 гаруй ажлын байр бий болж, боловсон хүчнийг орон нутгаас хангах ажээ. Түүнээс гадна Засвар механикийн заводод үйлдвэрлэдэг импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ олширч, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн суурь тавигдаж, төмөрлөгийн болон машин үйлдвэрлэлийн салбар хөгжих нөхцөл бүрдэх юм. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг техник, технологио шинэчилж, нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалт өрнүүлэхэд зориулсан бол энэ жил 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар том төслүүдээ хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж байна.

АВАРГА ТЕХНИКҮҮД АЖИЛДАА ГАРЛАА

Зуны дунд сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн технологийн тээвэр шинэ таван белазаар хүч нэмлээ. 2020 оны хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийн хүрээнд ОХУ-аас авчирсан 130 тооны даацтай Белаз-75131 маркийн өөрөө буулгагч таван автомашиныг Автотээврийн цехийн Засварын хэсгийнхэн угсарч ажилд гаргахад бэлэн болжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ”-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нар уул уурхайн аварга техникийн түлхүүрийг эрдэнэсийн тээвэрчдэд гардуулан өгч, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөл өргөв. Шинэ белазууд ажилд гарснаар технологийн тээврийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөө биелэх таатай нөхцөл бүрдэж байна. Ингэснээр Ил уурхайгаас 130 тонны даацтай 31 белаз уулын цул тээвэрлэх цуваанд жигдэрлээ.

ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИ МОНГОЛД…

     Дараа нь Шадар сайд, дэлхийн шилдэг технологийг үйлдвэртээ амжилттай нэвтрүүлсэн Засвар механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөл, шинэчлэлийн нээлтийн ёслолд оролцов. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн оны 11-р сарын нэгэнд Цутгуурын цехийн үйлдвэрлэлээ зогсоож, хагас жилийн хугацаанд Цутгуурын цехийн шинэчлэлийн ажлыг Германы FAT компанийн мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн юм. Энэ хугацаанд дэлхий нийтээр коронавирус тархаж, Хятад, Герман улсад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсож хүндрэл учирсан хэдий ч түншүүдтэйгээ онлайнаар харилцаж, техник, технологийн шинэчлэлийн ажлаа зогсоолгүй үргэлжлүүлснээр төлөвлөсөн хугацаандаа шинэ шугамаа өөрсдийн хүчээр залгалаа. Дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийнхээ ур чадвар, ухаанаар бахархаж байгаагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх илэрхийлэв. Эрдэнэт үйлдвэр дэлхийн шилдэг технологийг Монголд нутагшуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хэрэгцээт цутгамал бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг ийнхүү бүрдүүллээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж, цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ дунджаар 25-30 хувиар өсөж, өөрийн өртөг тонн тутамд 120 гаруй ам.доллараар буурч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх юм.

ГАН БӨӨРӨНЦГИЙН ШИНЭ УРСГАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цех нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж индукцийн технологи нэвтрүүлснээр хэл ам дагуулсан олон асуудал нэг мөр шийдэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, бүтээгдэхүүний чанарт ахиц гарсан. Тус цех хоногт 100-гийн голчтой шаар 100 тонн, 80-ын шаар 80 тонн, 40-ийнхийг 18 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Шадар сайд ган бөөрөнцгийн шинэ урсгалыг нүдээр үзэж, үйлдвэрлэлийн технологийн давуу тал, ажлын байрны орчин нөхцөлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн ажилтай танилцахад гурван зүйлд сэтгэл дүүрсэн гэлээ. Нэгдүгээрт, COVID-19 цар тахлаас болж олон үйлдвэр үйл ажиллагаагаа хязгаарлаж, үүд хаалгаа барьж байхад Эрдэнэт үйлдвэрт корона вирусын нөлөөлөл огт байхгүй, үйлдвэрлэл хэвийн ажиллаад зогсохгүй, өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэ нь төлөвлөлт маш сайн байгааг илтгэж байна. Хоёрдугаар, техник, технологи нь дэлхийн түвшинд хүрчээ. Гуравдугаарт, бусад газар орон тоогоо цомхотгож байхад Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажлын байрыг хадгалахын зэрэгцээ ахмадуудынхаа нэмэгдэл тэтгэврийг өсгөж, ажилчдынхаа цалин хөлсийг нэмсэн нь сэтгэл дүүргэж байна гэж онцоллоо.

М.ОДГЭРЭЛ

ФОТО: Б.БАТТӨГС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.