Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монгол анх удаа ашиглалтад орууллаа.
Тус эмийн сангийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн ТУЗ-ын дарга Д.Нарантуяа, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон бусад албаныхан оролцлоо.
Томоохон эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжсэн нь эмнэлэг өөрөө хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлж өгч байгаа аж. УНТЭ-ээс эхлүүлсэн уг ажил амжилттай хэрэгжих нь дараа дараагийн бусад эмнэлгүүд дээр амжилттай хэрэгжихэд чухал нөлөө үзүүлэх юм.
УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:
Дэлхий нийтийн коронавирусийн цар тахал нөмөрсөн эдгээр өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд бусад үйлчилгээг алдагдуулахгүй байх тал дээр ЭМЯ, эмнэлгүүд онцгойлон анхаарч байна. УИХ-ын отгон чуулганаар ЭМ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бүрдүүлэх боломжийг бий болгосон. Энэ хуулийг эмнэлэгтээ бүрэн хэрэгжүүлж байгаа эмнэлэг бол Улсын нэгдүгээр төв эмнэлэг юм. Үүний нэг илрэл болох ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмийн хэрэгцээг улам ойртуулах чиглэлээр “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монгол анх удаа ашиглалтад оруулж байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлсэн УНТЭ-ийн хамт олонд талархал илэрхийлье. Өнөөдөр энэ эмнэлгийн үүдээр орж ирэхэд л гэрэл гэгээ цацарч байна. Ард иргэдрүү, эмнэлгийн эмч, ажилчидруу чиглэсэн олон ажлыг эхлүүлсэн байгааг харахад таатай байна.
“УНТЭ-ийн нарийн мэргэжлийн 8 эм зүйч ард иргэдэд үйлчилнэ”
Нээлтийн үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан:
“Эрүүл мэндийн салбарт энэ жил маш том өөрчлөлт гарч байгаа. Энэ нь улсын лавлагаа шатлалын төв эмнэлгүүдийн хувьд “хагас бие даасан байдал” руу шилжиж буй анхны тохиолдол. Манай эмнэлгийн хувьд энэ тогтолцоо руу шилжсэнээр томоохон хэд хэдэн ажлуудийг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь хоёр талт эмийн сан буюу амбулаторийн эмийн санг улсын эмнэлгүүд дундаа анх удаагаа ажлуулж эхэлж буй явдал юм. Энэ хүрээнд манай эмнэлэг нэлээн том ажлуудыг хийхийг төлөвлөсөн. Манай эмнэлгийн хувьд амбулаториор өдөртөө дунджаар 2500 хүн үйлчлүүлдэг. Энэ тоо жил ирэх тусам өссөөр байна. Энэ үйлчлүүлж буй хүмүүсийн 80-90 хувь нь эмийн жор бичүүлж авдаг. Эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангуудаар эмээ хайж авдаг байсан бол одоо манай хоёр талт буюу амбулаторийн эмийн сангаас цаг алдалгүй, хурдан шуурхай, хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдэж байгаа юм. Улсын эмнэлгүүдэд өөрийн гэсэн эмийн сан байдаггүй. Дандаа гадны түрээслэгч байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай эмнэлэг хагас бие даасан тогтолцоо руу энэ оны дөрөвдүгээр сарын 01-ээс эхлээд шилжсэнтэй холбогдуулан хоёр талт буюу амбулаторийн эмийн санг Монголдоо анх удаагаа ашиглалтад оруулж байгаа юм. Энэ тал дээр ЭМДЕГ-аас нэлээн ажлуудыг зохион байгуулж байна. Өмнө нь энэ төрлийн эмийн сан нээгдээгүй байхад ард иргэд заавал дүүрэг, өрхийн эмнэлэг дээрээ очиж хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж, хөнгөлөлттэй авах, эсвэл 100 хувь мөнгөө төлөөд авдаг байсан бол одоо энэ төрлийн үйлчилгээ илүү ард иргэдэд ойртсон, санхүүгийн хувьд илүү дэмжлэгтэй болж байгаа юм.
Бид түрээслэгч хувийн эмийн сангуудаа гаргаад өөрсдөө ганцаараа эмийн сангийн үйл ажиллагаа явуулах гээд байгаа юм биш. Түрээслэгч байгууллага, эмийн сангууд хэвийн үйл ажиллагаагаа явуулна. Улс, хувь хоёр үйлчилгээ, чанараараа хоорондоо өрсөлдөнө гэсэн үг. Энэ дундаас даатгуулагч, үйлчлүүлэгч хожино. Тэдэнд зориулсан илүү ашигтай, илүү хямд, шуурхай үйлчилгээ нэвтэрч байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр ховор эмийн үнийн хөөрөгдлийг барих, хязгаарлах зэрэг олон талын давуу талтай. УНТЭ-ээс амбулаторийн эмийн санд зориулан 4 цонхоор, нарийн мэргэжлийн 8 эм зүйч ард иргэдэд үйлчилнэ. Түүнчлэн манай эмнэлэг өмнө нь хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчиддээ л үйлчилдэг байсан бол одоо амбулаториор үзүүлсэн, орж гарч байгаа бүх үйлчлүүлэгчиддээ үйлчилдэг болж байгаа юм. УНТЭ-ийн хувьд бүрэн цахимжсан. Эмчийн бичсэн жорыг эм санч цахимаар компьютер дээрээсээ хараад үйлчлүүлэгчдэд олгоно гэсэн үг. Үйлчлүүлэгчийн цаг хугацаа, чирэгдэл, үл ойлголцолыг арилгах юм.” хэмээн онцоллоо.
Иргэн н.Батбаатар “ Өнөөдөр эмнэлэгт үзүүлэхээр ирэхэд амбулаторийн эмийн сангийн нээлт болж, иргэдэд үйлчилж байна. Эмийн сангаас иргэд маань хөнгөлөлттэй үнээр эм авах боломжтой болсон нь үнэхээр зөв ажил болжээ. Үүнд ахмад настан, иргэд бид маш их талархаж байна. Би УНТЭ-ийн эмчийн байнгын хяналтанд байж, байнга үйлчлүүлдэг. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үйлчилгээ маш сайн. Энэ дашрамд хэлэхэд дараагийн УИХ-д сонгогдсон хүмүүс иргэдийн эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, асрагч нарын цалинг нэмэх хэрэгтэй гэж иргэний хувьд бодож явдаг.
Иргэн Б.Мандах “УНТЭ иргэдэд үйлчилгээ үзүүлэх Амбулаторийн эмийн сангаар үйлчилдэг болсон нь их хэрэгтэй зүйл сайн ажил болжээ. Би УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон. Тиймээс өнөөдөр эмийн сангаасаа эмчилгээндээ хэрэгтэй эмийг явдал, чирэгдэлгүй авч байгаадаа баяртай байна. Эмнэлгийн үйлчилгээ, эмч нарийн хандлага сүүлийн үед их сайжирч байгаа. Мөн эмнэлгийн тохиожилт ч гэсэн маш сайн хийгдэж байна. Иргэд бид хувийн эмнэлгт үзүүлж байгаа юм шиг байна шүү дээ.“ гэв.