Архивын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу салбарынхаа хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллагын хувьд Архивын ерөнхий газар нь төрийн өмчийн зарим их дээд сургуульд архивын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх хүсэлтийг тавьсны нэг нь Монгол Улсын Боловсролын Их сургууль билээ.
МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхим нь 2005-2010 онд “түүхийн багш-архивч” мэргэжлээр 2 удаа элсэлт авч, нийт 37 оюутан төгсгөсөн туршлагатай билээ. Эдгээр төгсөгчид эдүгээ бүгд мэргэжлээрээ ажиллаж байна.
Архивын ерөнхий газар болон Монгол Улсын Боловсролын Их сургууль хамтран ажиллаж, “Архив судлал” хөтөлбөрийг боловсруулж, тус сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн “архивч” мэргэжлээр элсэлт авахаар боллоо.
Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах нар архивын мэргэжлийн хүний нөөц бэлтгэх зорилгоор хамтран ажиллахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа.
Архивын мэргэжлийн ажилтан бэлтгэдэг хуучны сайн туршлагаа сэргээснээр олон эерэг үр дүн гарна гэж үзэж байгаагаа Архивын ерөнхий газрын дарга илэрхийллээ.
МУБИС-ийн “Архив судлал” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хөгжлийн чиг хандлага, архив зүйн онол-практикийн шинэлэг үзэл санаа, хувь хүний тогтвортой хөгжих эрэлт, хэрэгцээ, бүтээлчээр сэтгэх, хөгжих чадвартай дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилго тавьж байгааг тус сургуулийн захирал Д.Мандах хэллээ.
МУБИС-д архивчийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг Үндэсний төв архив, төрийн бусад архивуудад дадлагын ажил хийлгэн, архивын онол, практикийг хослуулан явуулахаараа энэ хөтөлбөр онцлогтой юм.
МУБИС-ийн 2020 оны элсэлтийн талаарх мэдээлэлтэй https://msue.edu.mn/…/…/a1affa6c-cc9c-4505-93ec-3b700af970c8 цахим хаягаар орж, танилцана уу.