Баянхошууны иргэд төрийн үйлчилгээг дэргэдээсээ авч эхэллээ

2020 оны 05-р сарын 28 өдөр, 22 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
101021717_250004536284383_4948820060442460160_n_20200528050956

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Баянхошуу дэд төвд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төв нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын гэр хорооллын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна. Учир нь гэр хорооллын иргэд маань амьдарч байгаа орчноосоо төрийн үйлчилгээг авах, нийгмийн дэд бүтцээр хангагдсан орчин нөхцөлд сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, залуучуудыг хөгжлийг дэмжсэн бизнес инкубатор төвтэй, гэр бүлийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гээд олон боломжийг бүрдүүлсэн төв өнөөдөр үүд хаалгаа нээлээ. 1980-аад оноос хойш хийгдээгүй том дэд бүтцийн хувьсгал, бүтээн байгуулалтын өөрчлөлт Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвүүдэд өрнөж байна. Цаашлаад Шар хад, Баянзүрхэд хийгдэнэ. Гэр хороололд хотын төвөөс ялгарахгүй орчин нөхцөл бүрдэж эхэллээ. Та бидний хамтдаа хэрэгжүүлж байгаа энэ ажил маань өнөөдөр бодит үр дүнгээ өгч байгаад баяртай байна” хэмээлээ.

Энэ үеэр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд “Төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төсөл гурван үе шаттайгаар нийт есөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийслэлийн хойд бүсийн хүн ам үйлчлүүлдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Дэд төвүүдийн гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах юм” гэдгийг онцоллоо.

Төслийн 1 дүгээр шатны хүрээнд Баянхошуу дэд төвд 162 га-д шаардагдах дэд бүтэц, инженерийн бэлтгэл хангагджээ. Баянхошуу дэд төвийн 3600 өрхийн 14 мянган иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болж нэг төвтэй хотоос олон төвтэй хот болж хөгжих боломж бий болж байна. Одоогоор Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банк хамтарсан 115 тэрбум төгрөгний санхүүжилтээр 3.45 км 700м шугамын өргөтгөлийн ажил, 6.3 км ариутгах татуургын коллектор шугам, 4.8 км үерийн хамгаалалтын суваг, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлуудыг тус тус гүйцэтгэж бүрэн дуусчээ.

Сурч боловсрон өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгсөнд талархалтай байгаагаа Хотын Захирагчид илэрхийллээ

Нээлтийн үйл ажиллагааны дараа Хотын Захирагч С.Амарсайхан Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв болон Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвөөр орж үйл ажиллагааг шалган, тэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэд, олон нийттэй уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Бизнес эрхлэгчдийн зүгээс үйл ажиллагааг нь дэмжсэн, иргэдийг ажлын байраар хангаж, залуучуудыг сурч боловсрон, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн орчин нөхцөлийг гэр хороололд нь бүрдүүлж өгсөнд маш талархалтай байгаагаа Хотын Захирагч уламжилж байв.

Баянхошуу дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд Сонгинохайрхан дүүргийн иргэд ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 63.49 хувь хүртэл нэмэгдэх аж. Мөн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэх ба бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Баянхошуу дэд төвд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв, Бизнес инкубатор төв /гарааны бизнес эрхлэгч/, дундын оффис, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх