Италийн брэндүүд “Монголын Хаан Ширхэгт” ноолуурыг захиалав

2020 оны 05-р сарын 22 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
99014045_2682489648523934_4723055113118154752_o

  Монгол ноолуурын өнгө болон давуу шинж чанарт тулгуурлан “Монголын Хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах ажлыг амжилттай хийж байна. “Монголын Хаан ширхэгт” тохирлын тэмдэг нь дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх тэмдэглэгээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгаа юм.

 Энэхүү гарал үүсэл, чанарын баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гэрчилгээг  Ханбогд Кашимер ХХК өнгөрөгч 2019 онд авч анхны “Монголын Хаан ширхэгт” тохирлын тэмдэгтэй хялгасыг нь ялгасан ноолуурыг Итали улс руу экспортолж байсан юм. Ханбогд Кашимер ХХК нь анхан шатны ноолуур боловсруулах 20 жилийн туршлагатай, 12 аймагт өөрийн түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчтэй ноолуурын салбарын томоохон компаниудын нэг юм. Энэ жилийн хамгийн нарийн микронтой ноолуур буюу “Хаан ширхэгт”-ийн стандартыг Сүхбаатар аймгаас бэлтгэсэн ноолуур \15,8-16,1 микрон\ хангасан  байна.

 Манай улс жилд 9800-10 000 тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн 40 гаруй хувь юм. Одоогоор манай улсаас бэлтгэгдэж байгаа ноолуурын 20-30 хувь нь “Хаан ширхэгт”-ийн стандартыг хангаж байгаа юм. Хамгийн нарийн ширхэгт буюу тансаг зэрэглэлийн, чанар сайтай “Хаан Ширхэгт” ноолуурыг дэлхийн брэндүүд хэдийнэ хүлээн зөвшөөрч, тэдний хүсэн хүлээдэг бүтээгдэхүүн болоод байна. Тухайлбал, Ханбогд Кашимер ХХК Итали улсаас 100 тонн “Хаан ширхэгт” стандартын ноолуурын захиалга авч, эхний бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар бэлтгэж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, тус компанийн экспортын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ, “Хаан ширхэгт” брэндийг дэлхий дахинд таниулах чиглэлээр хийсэн ажлын үр дүн эхнээсээ гарч байгааг харахад таатай байна. ХХААХҮЯамнаас малчдад ноолуурын анхан шатны бэлтгэлээ чанартай хийх, үнэ цэнийг нь хадгалахыг байнга зөвлөж байсан. Цаг уурын эрс тэс нөхцөл, бэлчээрийн маллагаанд зохицсон монгол малаас гардаг түүхий эдийн чанар дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг. Зөөлөн алт гэгддэг энэ онцгой түүхий эдийн дулаан хадгалах, агаар нэвтрүүлэх чанар, зөөлөн, тансаг шинж, нарийн ширхэглэг, эдэлгээ даадаг зэрэг нь брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд ноёрхох давуу талыг бүрдүүлж байдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн жилийнхээс 5 дахин их захиалга ирсэн гэж бодож байна. Тэр дундаа Сүхбаатар аймгийн малчид маань “зөөлөн алт”-ынхаа чанар нэр хүндийг  өндөрт өргөж байгаад салбарын сайдын хувьд ихээхэн талархаж байна гэлээ.

Ханбогд Кашимер ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг, Бид Хөвсгөл, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Архангай, Дорноговь, Говь-Алтай, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудад түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчийн газруудыг байгуулсан. Эдгээр аймгаас шаардлага хангасан, сайн чанарын ноолуурыг бэлтгэж байна. Жилд 1000 тонн самнасан ноолуур боловсруулах, 100 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, тогтвортой, чанартай ноолуурыг бэлтгэн нийлүүлэгч компани. Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улс руу дэлхийд танигдсан брэндүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг бэлтгэн нийлүүлдэг. Энэ жилийн хувьд томоохон захиалга ирээд байсан “Хаан ширхэгт”-ийн өндөр стандартыг Сүхбаатар аймгийн ноолуур хангасанд маш их баяртай байна. Цаашид бусад аймгуудад энэхүү стандартыг хангахад туслах чиглэлээр малчидтайгаа хамтарч ажиллахаар төлөвлөж байна гэв.

99294096_2682489641857268_7670334900825751552_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх