Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг орон сууцжуулна

2020 оны 05-р сарын 20 өдөр, 22 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zasag2020

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангана

Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталлаа.

Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тусгай хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх аргачлалыг нарийвчлан гаргаж батлахыг БХБ-ын сайд Х.Баделхан, НЗД С.Амарсайхан нарт үүрэг болгов. Хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулан хэрэгжүүлж, алба хаагчдыг богино хугацаанд орон сууцанд нь оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд онцгойлон үүрэг болгосон.

Зах зээл дээр борлуулагдаж байгаа ашиглалтад орсон орон сууцнаас  1300-1500 хүртэлх айлын орон сууцыг худалдан авч тус орон сууцнуудад гэрээний дагуу албан хаагчдыг оруулна. Үүнд шаардагдах төлбөрийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, Монголбанк, НОСК хамтран төсөл боловсруулж, шийдвэрлүүлэхийг даалгав.

Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цар тахлаас урьдчилан сэргийлэхээр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон, төрийн тусгай албан хаагч, ажилтнуудын өргөсөн тангарагтаа үнэнч байдал, нөр их хөдөлмөрийг ойлгон үнэлж, урам зориг өгч буйн дээр, ар гэр, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээгээр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлж, ажлын байраа хадгалахад дэмжлэг болох юм.  Цар тахлын үеийн хорио цээр, дэглэмээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулж, салбар дундын зохицуулалтыг хийснээр төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчид орон сууцаар хангагдаж, зах зээл дээр борлуулалтаа хүлээн царцахад хүрээд байсан орон сууцнууд эргэлтэд орж барилгын салбарын эрсдэл, алдагдал буурах гэх мэт давхар үр өгөөж, ач холбогдолтой юм.

Товчоор

–  “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгууллаа. Тус төв нь УИХ, ЗГ, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах чиг үүрэгтэй. Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах, бие даан иргэний эрх зүйн харилцаанд ордог аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар байх юм.

–  Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав. Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” ОУ-ын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт зөвшөөрөв.

–   Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх