ОСНААУГ-Т хандив хууль бусаар цуглуулсан асуудлаар Зөвлөмж хүргүүллээ

2020 оны 05-р сарын 04 өдөр, 10 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avilga1

“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвийн дарга 2019 оны 8 дугаар сард тус газар байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд их хэмжээний хандив цуглуулан авсан бөгөөд юунд зарцуулснаа тайлагнаагүй, хувьдаа завшсан байж болзошгүй тул шалгаж өгнө үү” гэсэн иргэний мэдээллийн мөрөөр газар дээр нь очиж ажиллав.

Ойг тэмдэглэх хүрээнд нийт 23.165.000 төгрөг цугларч үүнээс 23.144.850 төгрөгийг зарцуулж 20.150 төгрөг үлдэгдэлтэй бөгөөд санхүүгийн баримт, тайлан болон бусад баримт материалыг судлан үзэхэд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 10 дугаар төвийн дарга Г.Гантулга нь хандивын хөрөнгийг хувьдаа завшсан гэх зөрчил тогтоогдоогүй байна.

Ойн арга хэмжээг зохион байгуулахдаа хандив авах талаар ОСНААУГ-аас албан ёсны зөвшөөрөл бичгээр аваагүй, байгууллагын ойн арга хэмжээнд цуглуулсан хандивын зарцуулалтын талаарх тайланг ОСНААУГ-т болон 10 дугаар төвийн хамт олонд албан ёсоор тайлагнаагүй, үр дүнг мэдээлээгүй байв. Ойн арга хэмжээний хүрээнд цугларсан хандив, түүний зарцуулалтын талаар ажилтнууд болон хандив өгсөн хүмүүст тайлагнах, олон нийт мэдээлэх ажлыг зохион байгуулах чиглэл, зааврыг өгч, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах шаардлагатай байгааг анхааруулав.

Төвийн удирдах дээд байгууллага нь харьяа нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, хандив хүлээн авах, зарцуулах талаар хууль тогтоомжид заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх, тухайлбал, хандив хүлээн авахад бүртгэж, зөвшөөрөл олгох, хуулиар зөвшөөрөгдөх авч болох хандив эсэх, түүний зарцуулалт, ил тод байдалд тавих хяналт сул байна.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хандив хүлээн авах зохицуулалтыг чанд мөрдөж ажиллах, хэрэгжилтийг хангуулах талаар ОСНААУГ-т зөвлөмж хүргүүллээ.

 Зөвлөмжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх