Энэ оны 3 дугаар сарын 20-ноос эхлэн Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч, гэрээт эргүүлүүд нийслэлийн ногоон бүсэд Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны бүрэлдэхүүн бүхий багтай хамтран өдөр бүр эргүүлээр ажиллаж байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг өгч, ногоон бүсийн айл өрхүүдээр түймрийн баталгаа биечлэн гаргуулж байгаа хэдий ч гагнуур хийх, өнжмөл өвс шатаах, үнс нурмаа ил задгай хаяснаас үүдэн ахуйн түймэр буурахгүй, улмаар ойн түймэр болон өргөжих эрсдэлтэй байгаа юм. Иймд иргэддээ хандан дараах зөвлөмжийг хүргэж байна. Хуурайшилтын үед:
- Өнжмөл өвс, хог шатаахгүй,
- Гагнуур хийхгүй,
- Ил задгай гал түлэхгүй,
- Ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй,
- Ойн дагалт баялаг түүж бэлтгэхгүй байх нь таныг болон бусдыг түймрийн эрсдэлээс хамгаална.
Мөн тамхины ишээ бүрэн гүйцэд унтрааж, шашны аливаа зан үйл хийхдээ ил гал гаргахгүй, арц хүж, зул, лаа зэргийг асааж орхихгүй байх, цахилгааны утасны бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, аюулгүй байдлаа хангах, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй, тусгайлан бэлдсэн таглаатай төмөр сав болон нүхэнд хийх, гэр, малын хашаа, саравч, өтөг бууцны эргэн тойронд хамгаалалтын шороон зурвас татах, хүүхдийг чүдэнз, асаагуур, бусад гал гаргах эд зүйлтэй явуулахгүй байх, түймрийн эрсдэл, аюулыг тайлбарлаж ойлгуулах, өөрийн хашаа, ойр орчмын нийтийн эзэмшил газарт түймэр гаргах эрсдэлтэй эд зүйл байвал түүж хаях, түймэр гарсан тохиолдолд иргэний үүргээ биелүүлж гал унтраахад дэмжлэг үзүүлэхийг иргэддээ уриалж байна.
Ойн санд түймэр гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох бөгөөд ойн сан бүхий газарт гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг болохыг анхаарна уу.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР