“Зүрх хамгаалах төсөл” ТББ болон Шинэ Монгол Харүмафужи сургууль хамтран ХУД-ын нэгдсэн эмнэлэг болон Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт түргэн тусламжийн машиныг хүлээлгэн өгөх ёслол боллоо. Мэргэжлийн сүмогийн Их аварга Харумафүжи Бямбадорж маань хүрэлцэн ирж амжаагүй бөгөөд түүний төрсөн ах улсын начин Д.Лхагвадорж болон “Зүрх хамгаалах” төслийнхөн уг үйл ажиллагаанд оролцлоо. Японы Хирошима хотоос илгээсэн түргэн тусламжийн машин маань ийнхүү Монголчуудын эрүүл энхийн манаанд зүтгэхээр тус тусын эмнэлэг рүү хүлгийн жолоо заллаа. Аварга маань “Heart_Saving_Project” гэдэг жил болгон монголд ирж зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд хагалгаа хийж буян болдог сайхан байгууллагаар дамжин машинуудаа хандивладаг ажээ. Харүмафүжи аваргын дэмжлэгтэйгээр Монголд ирж ажилладаг “Зүрх хамгаалах төсөл” бол төрөлхийн зүрхний гажигтай буюу зүрхний цооролттой Монголын 800 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж эрүүл амьдралыг бэлэглээд байгаа билээ.
Энэхүү боломжийг олгоход хувь нэмэр оруулсан Японы ард түмэн болон Харумафужи их аваргадаа, бусад хүмүүстээ гүн талархал илэрхийлье.