Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр шинэ коронавирусийн тархалт Европын бүсэд өндөр байна. Тэр дундаа ОХУ, Турк, Белоруст тархалт нэмэгджээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:
-Дөрөвдүгээр сарын 27-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Гурван лабораторид 161 хүний шинжилгээ хийхэд короанавирус илрээгүй. Давтан шинжилгээнд хамрагдсан 48 оюутанд мөн коронавирус илрээгүй. Дундговь, Дархан-Уул аймаг, Улсын нэгдсэн төв эмнэлэгт байгаа 15 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Бас нэг сайн мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ сөрөг гарч, бие нь эрүүл болж, “Энх саран” сувилал руу шилжүүллээ. Анх эмнэлэгт маш хүнд ирсэн. Эмчилгээнд орсон үеэс дэлхий биднийг анхааралтай ажигласан. Дэлхийн аль ч оронд Монгол хүн өвдөх эрсдэл байгаа учраас франц иргэнийг эдгээж сайхан хандсаны хариуг манай иргэдэд бас барих байх аа.
Эмч, эмнэлгийн ажилтан 19 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид эмчилгээнд орохын өмнө, дараа эмч, мэргэжилтнүүддээ шинжилгээ хийж, хянадаг.