Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чан Вэньрүйг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хөрш орны зүгээс тусламж дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын шадар сайд ноён Элчин сайдад талархал илэрхийллээ.
Тэрээр “Энэ цаг үед Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь нэгдүгээрт тавигдах асуудал хэдий ч үүний зэрэгцээ эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг давхар явуулах нь манай хоёр улсад аль алинд нь чухал байна. Тодруулбал БНХАУ-руу гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Өмнө нь зарим боомтоор өдөртөө 1500-1700 машин бүтээгдэхүүн гаргаж байсан бол яг өнөөдрийн байдлаар өдөртөө 100 орчим машин гарч байна. Тиймээс Элчин сайд таныг энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсье” гэлээ.
Элчин сайд Чан Вэньрүй “Нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээ амлаж байна. Орон нутгийн түвшинд тодруулбал хоёр орны хилийн боомт хооронд зохицуулалт хийсэнээр тээвэрлэлтийн тоог нэмэгдүүлэх боломжтой” гэсэн юм.
Ноён Элчин сайд мөн Монгол Улс нөхцөл байдалдаа тохируулан Ковид-19 халдварын эсрэг урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг тухай бүр авч байгаад Хятадын тал өндөрөөр үнэлж, сайшааж байгааг уламжиллаа.
Уулзалтын үеэр БНХАУ-ын “Дахуа Технологи” компанийн үйлдвэрлэсэн хүний биеийн “Дулаан мэдрэгч” хоёр ширхэг камерыг Улсын Онцгой комисст хандивлалаа. “Дулаан мэдрэгч” камерын нэг тус бүрийн зах зээлийн үнэ 40 мянган ам.доллар буюу 110 сая төгрөгийн өртөгтэй юм байна. Энэхүү камер нь нэг дор 15 хүний биеийн халууныг хэмжиж, нэгэн зэрэг мэдээллийг гаргаж чаддаг байна.
Тус камерыг дэлхийн 100 гаруй орны нисэх онгоцны буудал, эмнэлэг зэрэгт өргөн ашиглах болсон байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.