Өглөөний сэргээш цуврал контент #16: Цэнд-Аюушийн АРИУНЖАРГАЛ

2020 оны 04-р сарын 17 өдөр, 14 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS86101_-_Copy

Төгссөн сургууль:

Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа БТДС-ийг 2000 онд төгссөн.

Мэргэжил:

Биеийн тамирын багш

Ажилласан туршлага:

2000-2001 онд “Мон-Алтиус” БТДС-д багш, 2001-2003 онд Хүндийн өргөлтийн тамирчин, 2004 оноос Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд багш, 2007 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборт хүчний дасгалжуулагч, 2009 оноос арга зүйчээр ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2006 онд МҮОХ-ны сургалтад хамрагдаж Хүндийн өргөлтийн дасгалжуулагч, 2012 онд “Бээжин” БТДС-д Спортын дасгалжуулагч, 2015 онд “УБ-Мандала” иог, эрүүл амьдрах төвд иогийн багшаар, 2017 онд “УБ-Самадхи” иогийн сургуульд Эмчилгээний иогоор анхан, гүнзгийрүүлсэн шат, 2019 онд “УБ-Самадхи” иогийн сургуульд Иога нидра, жирэмсний иогийн багшаар тус тус суралцсан. 2009 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын менежмент, 2012 онд ШУТИС-ийг мэргэшсэн инженерээр тус тус дүүргэсэн.

Чин хүсэл:

Олон олон хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөн эрүүл аж төрөх, зөв дадал хэвшүүлж, эрүүл чийрэг болгох туйлын хүсэлтэй.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Сайхан бүхний эхлэл шинэ өглөөг сайнаар үргэлжлүүлэх нь эрхэм хүмүүн бид өөрсдөө билээ. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч бүлээн усаа ууж, өглөөний цайгаа ямар ч үед уухыг эрхэм болгодог. Өглөө ажилдаа ирээд чийрэгжүүлэх ажил маань эхэлдэг. Өглөө эртлэн намайг зорин ирж өөрсдийн эрүүл мэндээ даатган, надад итгэн бүх л зовлон жаргалаа тоочин суугаа эрхэм шавь нараараа хүрээлүүлэн, тэднээсээ урмын сайхан үг сонсож, эрүүлжин, өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгааг нь харан баясаж, бахархаж, талархан явдаг даа.

Таны амьдралын сэргээш юу вэ?

-Эрхэм сайхан хүмүүс болох ээж, гэр бүл үр хүүхдүүдээсээ, намайг зорин ирдэг эрхэм хүндэт шавь нараасаа, ажлын хамт олноосоо эрч хүчийг мэдрэн, байгалийн үзэсгэлэнт зураг харж, сайхан аялгуу сонсож бясалгал хийж сэргэдэг.

Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Олон сайхан хүмүүсээр хүрээлүүлж, тэднийгээ өдрөөс өдөрт эрч хүчтэй, урам зоригтой байгааг харан, өөрийн мэдэх, чадах бүхнээ харамгүй зааж зөвлөн, ээж шиг нь, эгч шиг нь, дүү шиг нь, найз шиг нь, заримдаа бүр эмч шиг байлгадаг тэднээрээ бахархан, эрч хүч авдаг. Магадгүй, энэ бүхэн миний ажлын онцлог юм болов уу.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчдын арын албанд ажилладаг оффист олон цагаар, суугаа ажил эрхэлдэг ажилтнууддаа зориулан “Суугаа ажил нь ажилтны эрүүл мэндэд нөлөөлөх уршиг, хамгаалах арга зам”-ын талаар зөвлөмж гарган тараахаар бэлдэж байна. Тэднийг ажлын байрандаа 5 минут ч болов өөртөө цаг гарган дасгал хийж, цаашлаад 7 хоногт 2 удаа ч болсон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэн бие махбодоо эрсдэлээс хамгаалан, амьдралын хэв маягаа өөрчлөн өөрсдийгөө болон гэр бүлдээ анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Эрүүл чийрэг байхаас гадна амьдралын зөв дадал хэвшилтэй болсноор ажлын бүтээмж өндөр, эрч хүчтэй байна шүү дээ.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, мэргэжилтэй минь холбоотой шинэ сургалт, сурталчилгаа хаана байна, тэр бүхэнд хамрагдаж өөрийгөө хөгжүүлэн, ажил амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэн эрмэлздэг. Тиймдээ ч өнөөдөр энэ ажлыг хийж байна. Заримдаа өөрийгөө гайхдаг. Гэнэт л иог сонирхож, иогийн багш болсондоо хэдий мэргэжил минь багш ч гэсэн…  Ойр тойрны хүмүүс бас гайхдаг төмөр өргөж явсан бүдүүн хадуун байсан хүн нэг л өдөр Иогийн багш болж уян налархай болохыг хичээж яваад. Гэхдээ одоо энэ өндөрлөгөөс харахад би өөртөө маш их баярладаг, яагаад гэвэл Иогийн багш болсноороо олон хүний амьдралд, эрүүл мэндэд, зан чанарт , харах өнцөгт нь нөлөөлж чадсан даа. Анх, иогийн багш болоход минь бэрхшээл тулгарч байсан, гэхдээ шантралгүйгээр хамтын гэрээний дагуу цалинтай чөлөө, цалингийн зээл аваад сурч байсан. Тэрнээс хойш тасралтгүй иогийн ямар сургалт байна, тэр бүхэнд л сурч боловсрохыг хичээдэг.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлээсээ хуваалцаач, Таны хобби сонирхол юу вэ?

-Чөлөө зав гарвал хэрээсэн оёдлоор хатгамал оёх, шигтээ наадаг байсан. Охиноо төрүүлснээс хойш охиндоо өөрийн гараар хөөрхөн хувцас оёж өмсүүлэх гээд оёдлын сургалтад сууж, оёдлын машин авч өөрийнхөө хэмжээнд оёдолчин болохыг хичээж явна. Хөгжим сонсох, агаарт алхах, онч үгс унших.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Зөвлөгөө гэхээсээ илүү би ээжийнхээ ажил амьдралдаа тууштай, тэвчээртэй, хөдөлмөрч, цаг баримталдаг, өрөөлд тус дэмтэй байхыг хичээдэг сайхан зан чанарыг үргэлжлүүлэн амьдрахыг хичээдэг. Сэтгэлтэй хүн дээр гэрэл илүү тусдаг, зүтгэлтэй хүнийг амжилт үргэлж дагадаг гээд л зүтгэдэг.

-Залуу үеийнхэнд хандан юу хэлэх вэ?

-Зөв хандлага, зөв сэтгэлтэй, амьдралын зөв дадал хэвшилтэй байж, цаг ямагт өөрийгөө хөгжүүлэн, эрүүл чийрэг амьдарцгаая.

Эх сурвалж: erdenettoday.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх