Экологийн цагдаагийн албаны алба хаагчид дараах гэмт хэргүүдийг #илрүүлэв.
1. Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт алт худалдан авах хайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн “Б” ажлын байрандаа хуванцар савтай 200 грамм мөнгөн ус, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэн ховор амьтанд бүртгэгдсэн “Борцгор хотон” шувууны хошуу 1 ширхэгийг хадгалж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон. Эрүүл мэндийн байгууллагын 2012, 2014 онуудад хийсэн “Гар аргаар алт олборлогчдын мөнгөн усны хэрэглээ, түүний эрүүл мэндийн нөлөөллийн судалгаа”-аар гар аргаар алт олборлогч иргэдийн цусан дахь мөнгөн усны агууламж 14.3 хувь, шээсэн дэх мөнгөн усны агууламж 24.5 хувь илэрч байгаа нь Монгол Улсын хүн амын удмын сан, байгаль экологид ноцтой хор уршиг учруулж болохуйц хэмжээнд байгааг харуулж байна.
Мөнгөн ус болон түүний нэгдэлд агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш, тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.
2. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт, мөнгө, монет худалдан авах үйл ажиллагаа явуулдаг түрээсийн өрөөндөө иргэн “О” нь химийн хорт аюултай бодис болох 175 грамм мөнгөн ус хадгалаж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
3. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, Б, Э, Ш нар нь ашиг олох зорилгоор Амьтны тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан /Нэн ховор амьтан/-ны жагсаалтад орсон Цаа буганы эвэр 4 ширхэг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт /Ховор амьтан/-аар жагсаалтад орсон Аргаль хонины эвэр 2 ширхэг, Янгир ямааны эвэр 1 ширхэг, Тас шувууны хөл 2 ширхэг, Саарал чононы 4 ширхэг арьс, Хүрэн баавгайн нойтон арьс, гавлын яс, соёо 3 ширхэг, савар 4 ширхэг ангийн түүхий эдийг хадгалж, худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
4. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт худалдан авах хайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн “Е” гэгч нь химийн хорт аюултай бодис болох мөнгөн ус ашиглан алт угааж, хадгалж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
5. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт алт худалдан авах хайлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн “О” гэгч нь химийн хорт аюултай бодис болох мөнгөн ус ашиглан алт угааж, хадгалж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
6. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн “Д” нь Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор 24.2 килограмм химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг хадгалж, худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.