МУЗН-д бүртгэлтэй 6000 гаруй сайн дурын идэвхтэн бий

2020 оны 03-р сарын 30 өдөр, 17 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3-30-3

Хүн төрөлхтөн, хөгжил өндөр улс орнууд ганцхан л зүйлийн өмнө хүчин мөхөсдөж байгааг дэлхий нийтээрээ харж байна. Газар хөдлөлт, аюулт өвчин, гал, усны гамшгийг сөрөх хүч энэ дэлхийн хүмүүст алга. Тиймээс гамшиг осолтой тэмцэхийн тулд улс орнууд урьдчилан сэргийлэхэд ухаан, мөнгөө зарж байна. Тэгвэл нэгэнт нүүрлэсэн гамшгийг хохирол багатайгаар даван туулах гарц нь иргэдтэйгээ “ажиллах” юм. Улс орноороо дэг журамтай байх нь иргэдийн ухамсар, үйлдлээс хамаарна. Өөрөөр хэлбэл, гамшиг ослын үед иргэдийг мэдээллээр хангах, туслах хүний нөөц хамгийн чухал. Тиймээс л улс орнууд мэргэшсэн алба хаагчдаас гадна гамшгаас сэргийлэх бодлогынхоо цөмийг сайн дурын ажилтнуудаар бүрдүүлдэг шинэ загварыг хэрэгжүүлж эхэлсэн. Төр дангаараа хариуцаад үр дүнд хүрэхгүй учраас сайн дурынхны хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахад төрийн чиг үүргийг нөхөн гүйцэтгэх, төрийн хүрч чадаагүй хэсэгт хүрч, үр дүнтэй үйлчлэх жишгийг дагаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу коронавирусын халдварын энэ үед ч улс орнууд гамшигтай тэмцэх “армидаа” сайн дурынхныг дайчилж байна. Бусад улс орнуудад сайн дурын идэвхтнүүд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, ус, эрүүл ахуй, нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр ажиллахаас гадна гэрээсээ гарах боломжгүй хүмүүст хүнсний тусламж хүргэж эхэлсэн. Европын орнууд эрүүл мэндийн чиглэлээр бэлтгэгдсэн мэргэшсэн сайн дурын багаа энэ цаг үед дайчилж байгааг харуулж байна. Тэгвэл манай улсад гамшиг ослын үед ажиллах сайн дурын ажилтны нөөц ямар байдаг талаарх мэдээллийг хүргэе.

COVID-19-ИЙН ҮЕД АЖИЛЛАХ 600 САЙН ДУРЫН АЖИЛТАН БЭЛТГЭЖЭЭ

Монголчууд 30 жилийн дараа Гамшгаас сэргийлэх иж бүрэн сургуулилтыг хийхдээ сайн дурын ажилтнууд ямар чухал гэдгийг ойлгосон. Олон улсад ч гэсэн гамшгийн үед яарч сандарсан хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх, чиглүүлэх, тусламж хүргэх багийг сайн дурынхнаар бүрдүүлдэг. Томилгоот бүрэлдэхүүн амрах үед тусгайлан бэлтгэсэн сайн дурынхан нөхөн үүрэг гүйцэтгэж байдаг. Тэгвэл коронавирусын цар тахлын энэ үед сайн дурынхныг дайчлах шаардлага үүслээ. Цуурхалд итгэж бужигнахаас сэргийлэх, автотээврийн товчоод дээр үүрэг гүйцэтгэх, гадуур холхиж, гудамжинд цус цэрээ хаяж байгаа, амны хаалт зүүхгүй байгаа иргэдийг хянахад сайн дурынхныг дайчлаад төрийн алба хаагчдаар мэргэжлийн ажлыг нь хийлгэж болно. Мөн сайн дураараа ажиллах иргэдийн дунд салбар бүртээ мэргэшсэн, туршлагатай идэр насныхан, ахмадууд ч бий. Ид суралцаж байгаа оюутан залуус ч олон. Тиймээс хөл хориотой энэ үед сайн дурын идэвтхнүүдийг мэдээлэл, хамгаалах хувцсаар хангаж ажиллуулбал илүү үр дүнтэй.

Монголын улаан загалмайн нийгэмлэг бол онцгой комиссын гишүүн байгууллага. Тэр утгаараа онцгой байдлын байгууллагатай олон жилийн турш хамтарч ажиллаж ирсэн. Тэгвэл МУЗН-д бүртгэлтэй 6000 гаруй сайн дурын идэвхтэн бий. Үүний 1000 гаруй нь сайн дурын үйл ажиллагаанд тогтмол оролцдог гэнэ. Сайн дурын ажилтнууд энэ өвөл угаарын хийгээс урьдчилан сэргийлэхэд гэр хорооллын иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг өгөхөд ажилласан бол коронавирусын энэ цаг үед тусгайлан бэлтгэж сургалтад суулгасан 6000 сайн дурын идэвхтнийг эрүүл мэндийн төвүүд дээр ажиллуулж эхэлжээ. Энэ талаар МУЗН-ын Гамшгийн удирдлагын багийн ахлагч Ш.Мөнгөнтуяа “Бэлтгэсэн сайн дурын идэвхтнүүд дүүргүүдийн эрүүл мэндийн төв дээр ямархуу байдлаар дэмжлэг үзүүлж ажиллах талаарх төлөвлөгөө гаргасан. Эхний ээлжинд ус, эрүүл ахуй, нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхэд сайн дурын идэхтнүүдийг дайчилж байна. 600 гаруй сайн дурын идэвхтний судалгааг гаргаж 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн газар хэлтсүүд дээр мэдээллийг хүргүүлсэн. Сайн дурынханд коронавирусын үед ажиллахад юуг анхаарах, ямар мэдээлэл өгөх талаарх Олон улсын Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны эрүүл мэндийн багаас бэлтгэсэн мэдээллийг багтаасан гарын авлага бэлтгэж, сургалтад хамрагдсан. Иргэдэд нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа учраас 25-аас дээш насныхныг эхний ээлжинд ажиллуулж байна. Хувь хүний нууцлалтай холбоотой мэдээлэл байж магадгүй учраас ямар зарчмаар ажиллахыг мэдэж авах ёстой. Сайн дурынхан гэрээр тусгаарласан иргэдэд шууд хүрч ажиллахгүй. Өөрсдийнхөө халдвар хамгааллыг маш сайн хангах ёстой. Нийт иргэдэд эрүүл ахуй, халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийг өгч сэрэмжлүүлж ажиллаж байна” гэлээ. Нэмэлтээр  аймаг, дүүрэгт анхны тусламж үзүүлэх, тусламж тараах чиглэлээр бэлтгэсэн 15 сайн дурын ажилтанг гаргахаар төлөвлөсөн бөгөөд шаардлагатай бол сургалт зохион байгуулах ажлыг олон улсын Улаанзагалмайн холбоотой хамтарч хийхээр төлөвлөжээ.

САЙН ДУРЫНХНЫ ЭРХ, ҮҮРГИЙГ ГАМШГААС ХАМГААЛАХ ХУУЛИАР ЗОХИЦУУЛДАГ

Хүссэн хэн бүхэн сайн дурын идэвхтэн байх боломжтой. Харин Улаанзагалмайн зарчмыг дагаж сургалтад хамрагдсан байх ёстой юм. Мөн сайн үйл гэдгээрээ тогтсон цалин мөнгөгүй ч  өдөр тутмын үйл ажиллагааны зардал, хамгаалах хувцас хэрэгслээр хангадаг. Тиймээс сайн үйл хийе гэвэл харьяа дүүргийнхээ Улаанзагалмайн нийгэмлэгт бүртгүүлж болно. Мөн манай улс шинэчлэн баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулиндаа сайн дурын ажилтнуудыг дэмжих талаар зохицуулж өгсөн. Хуульд зааснаар гамшгаас хамгаалахад сайн дураар оролцож яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон бол нийгмийн баталгааг нь хангаж өгөхөөр тусгажээ.

Тодруулбал, сайн дурынхан гамшгаас хамгаалах сургалтад хамрагдахаас гадна багаж, хэрэгсэл, хүнсээр хангагдана. Мөн урамшуулал авах зохицуулалттай. Үүнийгээ дагаад эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлэх, үнэн зөв, бодит, шуурхай мэдээлэл өгөх үүрэг хүлээнэ. Түүнчлэн сайн дурын хэсгийн ажилтан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүнд онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ахлагчийн албан тушаалын зэрэглэлийн анхны шатлалын үндсэн цалингаар тооцон хоёр жилийн, амь насаа алдсан бол түүний гэр бүлд таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заажээ. Харин онцгой байдлын байгууллага орон нутагт гал түймрээс сэргийлэхэд чиглэсэн сайн дурын ажилтнуудыг түлхүү бэлтгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх