Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхгүй

2020 оны 03-р сарын 22 өдөр, 20 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ecd6545d72032410855179fd5589e023

Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхгүй

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтад БНХАУ-ын иргэдийг ажиллуулахгүй, цаашид тодорхой хугацаанд аль ч улсаас ажиллах хүч авахгүй байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргалаа. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасны дагуу гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр тогтмол бууруулж байна. 2016-2019 онд 50 хувь бууруулж, энэ хэрээр монгол иргэдээ ажлын байраар хангажээ. Үүнээс гадна мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байна. Мөн төмөр замын болон дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгаа юм.  Хуралдаанаар Шинэ коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар хэлэлцсэн байна. Энэ дагуу улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгахаар тогтов. Мөн хугацаанд их, дээд сургууль, коллеж, МСҮТ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг ажиллахгүй. Сургуулиудын үйл ажиллагааны зардал, сургалтын төлбөр, багш, ажилтны ажлын хөлс зэрэгтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгалаа. Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хязгаарласан. Гэхдээ нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын иргэдийг Алтанбулаг боомтоор ирэх долоо хоногийн бямба гараг буюу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэл, Цагааннуур боомтоор 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цаг хүртэл нэвтрүүлсний дараа хаахаар боллоо. Гадаадын улс орнуудад байгаа иргэдээ хэзээ татаж авахыг Улсын онцгой комисс тухай бүр нь хэлэлцэн шийдвэрлэж байх юм.  Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг газарт байгаа иргэдийг 14 хоног тусгаарласны дараа гэрт нь мөн 14 хоног тусгаарлана. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг, Сууц өмчлөгчдийн холбоод үүнд хяналт тавих үүрэг хүлээсэн байна. Ирэх 14 хоногт бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд орон даяар гадна, дотор орчин, гудамж, талбай, гэр орондоо ариутгал, халдваргүйтгэл хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.