БНФУ-ын “Орано Майнинг” компани нэг тэрбум төгрөг хандивлалаа

2020 оны 03-р сарын 19 өдөр, 16 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
90346771_108569487444846_5743092537199951872_n

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласаныг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм. Энэхүү бичгээр “Орано Майнинг” компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгааг уламжилсан байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин их хэмжээний хандив өргөж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрээр мөн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын анхны тохиолдол болох Франц иргэнээс халдвар тархсан нэг ч тохиолдол өнөөдрийг хүртэлх хугацаанд гараагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

90271306_108569587444836_6214224194436071424_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.