Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, хандивын данс нээн, “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэн билээ. Энэхүү аянд ХХААХҮЯам нэгдэж аюулт вирусын тархалт, хүндрэлийг зогсооход тус яамны хамт олон болон үндэсний үйлдвэрлэгчид сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлж салбарын сайд Ч.Улаан БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь Руйтай уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож, Монгол, Хятад хоёр улсын харилцаа бүхий л салбарт цэцэглэн хөгжиж, түүхэндээ хамгийн тааламжтай үедээ байгаад таатай байгаа тухай илэрхийлээд, БНХАУ-тай найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд байдаг тухай дурьдлаа. Мөн тус улсад дэгдсэн корона вируст /Ковид-19/ халдварын улмаас Хятадын ард түмэнд нөхөж баршгүй гарз, хохирол учирч байгаа явдалд эмгэнэл илэрхийлээд ХХААХҮЯамны харьяа 12 байгууллагын 599 ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж ЭСЯ-ны хандивын данс руу 21 801 081.57 төгрөгийн шилжүүлэг хийсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын санаачилсан “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” арга хэмжээнд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж 177 716 800 төгрөийг хандивлаж байгааг мэдэгдлээ.
БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнь Руй, Хятад улсад шинэ коронавирус гарсны дараа нам, төр засаг өндөр анхаарал хандуулж, БНХАУ-ын Си Жиньпин дарга өөрөө энэ ажлыг гардаж удирдан зохион байгуулж, Ерөнхий сайд Ли Көчян ажлын хэсгийг ахалж, нийт улс даяар хянах сэргийлэх системийг богинохон хугацаанд бий болгосон. Бид ДЭМБ-аас санал болгосноос илүүтэйгээр хатуу, өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч байна. Энэхүү цогц арга хэмжээг авсны ачаар өвчний байдал сайжрах шинж илэрч байгаа юм. Шинээр халдвар авсан хүний тоо буурч, эдгэрсэн хүний тоо эрс нэмэгдэж байна. Ер нь ойрын хугацаанд энэ өвчинтэй тэмцэх ажилд эерэг эргэлт гарна гэдэгт бид итгэж байна. Биднийг зовох цагт монголын төр засаг, ард түмэн ойлгож дэмжиж байгаа нь зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг монгол ардын зүйр үгийг санагдуулж байна. Яг энэ зүйр үгт хэлсэнчилэн монголын ард түмэн сайхан сэтгэл гаргаж, бидэнд тусламжийн гар сунгаж, тус дэм болж байгаад Хятадын төр засаг, ард түмэн маш их талархалтай байна. Танай ХХААХҮЯ, үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд мөн хятадын ард түмэнд сайн санаа гаргаж, байгууллагаараа хандив цуглуулж бидэнд маш их тусалж байгаад ихээхэн талархалтай байна. Ер нь Хятадын ард түмэн цаашид монголын ард түмэнтэй илүү их ойр дотно харилцаж, хамтын ажиллагаагаараа бие биедээ туслах болно. Хөдөө аж ахуйн салбарын нөхдийнхөө ачийг бид хариулах болно. Маш их баярлалаа гэлээ.
Эх сурвалж: ХХААХҮЯам