Шинэ төрлийн коронавирүсийн өвчлөл, халдвартай тэмцэж буй БНХАУ-ын Засгийн газар, иргэдэд туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аянд Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт ажилтан, албан хаагчид нэгдэн нэг өдрийн цалингаа хандивлалаа. Өмнөд хөршид гарсан шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд холбогдох чиг үүргийн байгууллагуудын хамтаар тэргүүн эгнээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй тус байгууллагын албан хаагчдын сэтгэлийн өглөгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг хүлээн авч уулзах үеэрээ гардуулсан байна. Уулзалтын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин шинэ төрлийн коронавирүсийн тархалтын улмаас олон хүний амь нас эрсдэж, нөхцөл байдал ноцтой байгаа ч Хятадын төр засаг, эрдэмтэн судлаачид уйгагүй ажилласны үр дүнд хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв. Ноён элчин сайд “БНХАУ-д шинэ коронавирүсийн халдвар тархаж байгаа энэ үед Монголын ард түмэн, Засгийн газар тусламжийн гараа сунгаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйд Хятадын ард түмэн талархаж байгаа”-г дурдаад, “Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс оновчтой шийдвэр гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ түргэн шуурхай авч байгааг байгааг харж байна. Монгол Улсын нэг ч иргэн халдвар авахгүй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. БНХАУ-ын Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” хэмээв.
Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав
2020 оны 02-р сарын 21 өдөр, 12 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )