Нийслэл, дүүргийн албан хаагчид явган эргүүл хийнэ

2020 оны 02-р сарын 17 өдөр, 14 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
86807017_2724399460969549_933423932474654720_n_20200217115424

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.

Яаралтай түргэн тусламжийн төвд нийт зургаан өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Эрүүл мэндийн төвүүдэд агаар дахь хорт хийн агууламжийг тодорхойлох багаж, хордлогын үед хүний бие дэх агаарын хий хэмжигч тоног төхөөрөмжүүдийг суурилуулж дууслаа. Коронавирусын халдвар, томуу томуу төст өвчний тархалт, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэл, дүүргийн албан хаагчид хуваарийн дагуу явган эргүүл хийж ажиллана. Явган эргүүлүүд хотын төв болон гэр хорооллын гудамжаар явж иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж ажиллах юм” гэв.

Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай биеэ засч, нус шүлсээ хаясан 200 гаруй иргэнд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын байцаагч нар 24 цагаар хяналт тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн зөрчил гараагүй” хэмээн мэдээллээ. Өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад томуу, томуу төст өвчлөл 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дүүргийн болон Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, хэвтэн эмчлүүлэгчдийн ачаалал хэвийн байгаа аж. Коронавирусын халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Дэлхийн 25 улсад бүртгэгдээд байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Дорнодод 1, Замын-Үүдэд нэг иргэн шинжилгээний хариугаа хүлээж байна”  гэв.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврээ сайтар хангаж, онцын шаардлаггүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх