Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалав

2020 оны 02-р сарын 12 өдөр, 16 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zasaggg

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалав

Дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д Шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа. Мөн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон байна. Энэ дагуу Засгийн газар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй.  Гагцхүү золгуут хийхээр айл хэсэхгүй, олноороо нэг дор цугларахгүй байж болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг уриалав. Засгийн газар өмнө нь Цагаан сарын баяраар бөхийн барилдаан зохиох, төрийн, нутгийн зөвлөл, байгууллагуудын золголт зэргийг хориглосон шийдвэр гаргаад байсан юм. Мөн өнөөдрийн хуралдаанаас  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-наас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Засгийн газар баярын  амралтын өдрүүдийг ажлын өдөр болгохтой  холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

ОХУ-аас шилжүүлж авсан байрыг оршин суугчдад нь хувьчилна

ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлж авсан орон сууцны найман байрны өмчлөх эрхийг Засгийн газрын нэр дээр бүртгэх болов. Дээрх байрыг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэлээ хангаж, II улиралд багтаан хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав. Монгол Улсын өмчлөлд хүлээн авсан байрууд нь БГД-ийн хоёрдугаар хорооллын XVII байр, БЗД-ийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байр бөгөөд “Ээрмэл” ХХК, Гаалийн ерөнхий газар, “Талх чихэр” ХХК, МУИС-ийн ажилтан, албан хаагчид болон бусад иргэн, нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна. Иргэд байраа хувьчилж авахаар 20 гаруй жилийн турш удаа дараа хүсэлт гаргаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн авахтай холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан юм. Мөн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа 590 гаруй орон сууцыг цэргийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр худалдах, хувьчлахыг зөвшөөрөв. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, дөрвөн хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10 хувь нь бусдын байр, хашаанд амьдарч байна.

Товч мэдээ

–  “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрыг “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын төв” Улсын төсөвт үйлдвэрийн газар болгов. Төвийн зардлыг 2021 оноос жил бүрийн улсын төсөвт тусгахаар боллоо.

–  Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан айлчлалын үеэр дээрх үйлдвэрийг барих тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30 хувийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

–  Улаанбаатарын дулааны III цахилгаан станцы суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэх төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, төслийг хэрэгжүүлэх эсэх удирдамж авах болов.

–  “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

–  Төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, охид, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр төрийн зарим чиг үүргийг Монголын эмэгтэйчүүдийн холбоогоор гүйцэтгүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх