Ким Хуа Сон: Бид Монгол өвчтөнүүдэд бүрэн дүүрэн, сэтгэл хангалуун байх эмчилгээг хийж өгнө

2020 оны 02-р сарын 03 өдөр, 12 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
002-3-756x500

БНСУ-ын тэргүүлэх эмнэлгийн нэг Ханян их сургуулийн Олон улсын эмнэлгийн Захиргааны хэлтсийн дарга Ким Хуа Сонтой ярилцлаа.

-Солонгосын олон эмнэлэгт монголчууд эмчлүүлэхээр очиж байна. Ханян их сургуулийн эмнэлгийн бусад эмнэлгээс ялгагдах онцлог юу вэ?

-Манай эмнэлэг 1972 онд Дорно дахины анхны том эмнэлэг болж байгуулагдсан. Бусад эмнэлгээс түрүүлж хийсэн алхмууд гэвэл 1960-аад онд ревмотологийн эмнэлгийн суурийг анх тавьсан. Одоо ревмотологи буюу дархлал системийн өвчний эмчлэл дээр манайх шиг түвшний эмнэлэг Азидаа цөөхөн, ганц хоёроор л тоологдоно. Солонгосын бусад их сургуулийн эмнэлэг ревмотологийн тасагтай бол манай эмнэлэгт ревмотологийн салбар эмнэлэг бий. Монголчууд энэ өвчнийг эмчлүүлэх гэж нааш ирээд өөр газраар явж байгаад эцэст нь манайхыг дагнасан салбар эмнэлэгтэй гэдгийг сонсоод олж ирэх нь бий.

Мөн манай эмнэлэг нь Солонгос улсын хамгийн анх гадаад өвчтөн үзэж эмчилдэг эрхтэй болсон эмнэлэг юм. Сүүлийн үед хүмүүсийн санааг зовоох болсон Лу Герикийн өвчний эмчилгээгээрээ бас манай эмнэлэг алдартай. Куба, Мексик, Пакистан гэх мэт олон орноос хүмүүс энэ өвчнийг эмчлүүлэх гэж ирдэг.

-Гадаад өвчтнүүдийн хэдэн хувь нь монгол хүн байна вэ? Улсаасаа хамаараад өвчтөнүүдэд ялгаа байна уу? Монгол хүмүүс голдуу ямар өвчнийг эмчлүүлэхээр ирж байна вэ?

-АНУ, ОХУ, Казакстан, Монгол гээд олон орны хүмүүс ирж үйлчлүүлдэг. Тэдний 48 хувийг оросууд эзэлж байна. Казакстаны иргэд 24 хувь байгаа бол монголчууд одоогоор 7-8 хувийг эзэлж байгаа. 2018 оноос Монгол Улсад үйлчилж эхэлсэн Телемед системээс хойш монгол хүмүүс манай эмнэлгийг нэлээд мэддэг болжээ. Ирж байгаа хүмүүс улс улсаараа онцлогтой санагддаг. Орос хүмүүсийн хувьд урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх гэж их ирдэг. Харин монгол хүмүүс болохоор хавдар гэх зэрэг хүнд өвчнөө эмчлүүлэх гэж ирэх нь элбэг. Тасгаар нь авч үзвэл чих хамар хоолойн болон амьсгалын замын эрхтэн системийн эмчилгээний тасагт, мөн ревмотологийн тасагт монгол хүн их ирдэг. Хавдрууд дотор бамбай булчирхайн болон тархины хавдрын эмчилгээ их хийлгэж байна. Мөн элэгний өвчтэй хүмүүс их ирж эмчлүүлдэг.

003-2-810x393

-Ханян их сургуулийн эмнэлэг Монгол улстай хэдийнээс холбоотой ажиллаж байгаа вэ?

-2000 оноос холбоотой ажиллаж байна. Анх манай Туяа эмчилгээний тасгийн профессор Со Хун Сог эмч Монголд очиж санхүүгийн хувьд боломжгүй өвчтөнийг сонгож элэгний хагалгаа хийж байсан. Тэр үеэс бид тусламжийн олон ажлыг хийж Монгол улсын Ерөнхийлөгчийн шагнал хүртэл авч байв. Солонгос улсад 2009 онд Гадаад өвчтөн эмчлэх тухай хууль батлагдаж олон эмнэлэг гадаадаас өвчтөн авдаг болоход манай эмнэлэг ОХУ-тай түлхүү анхаарч ажиллаж эхэлсэн юм. Энэ үеэс Монголын өвчтөнүүд орхигдох хандлагатай байж байгаад 2018 оноос Монгол, Солонгос хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын хэлэлцээрээр Монгол улсад байгаа өвчтөн БНСУ-ын эмч профессоруудтай шууд холбогдож Телемед системээр үйлчилгээ авдаг болсноос хойш нэлээд идэвхжлээ.

Бид энэ хооронд хэд хэдэн удаа Монголд очиж үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж, иргэдэд лекц уншиж, эмч эмнэлгийн ажилтнуудад семинар хийж байна. Тухайлбал, Солонгост ч, Монголд ч хавдрын өвчлөл, тэр дотроо ходоодны хорт хавдар нийтлэг тохиолддог өвчин юм. Манай эмнэлгийн ходоодны хорт хавдрын эмчилгээгээр мэргэшсэн шилдэг профессор 2019 онд Монголд очиж Дархан хотод хоёр удаа, Улаанбаатарт нэг удаа лекц уншсан. Лекцийн гол агуулга нь энэ өвчлөл ихэвчлэн хувь хүнээс өөрөөс нь хамаардаг тухай, хоолны зуршил, хооллолтын байдалдаа анхаарвал ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлж болох тухай, хувь хүн өвчтөн юуг анхаарах ёстой вэ гэх зэрэг урьдчилан сэргийлэхэд дэм болох талаас хэлж ярьсан.

-Солонгос улсад гадаад өвчтөн эмчлэх зөвшөөрөлтэй эмнэлэг хэр олон байдаг юм бол?

-Манай улсын хуулиар гадаад өвчтөн авах бүртгэл хийлгэсэн эмнэлгүүд л үйлчилгээ үзүүлнэ. Ийм эмнэлэг 1800 орчим байгаа. Эдгээр дотор их сургуулийн эмнэлгээс гадна нэгдсэн эмнэлгүүд, жижиг эмнэлгүүд ч бий.

-Манай монголчуудын хувьд холоос зардал гаргаж зорьж ирж байгаа болохоор эмнэлгээ зөв сонгож ирэх нь их чухал. Тийм болохоор энэ олон эмнэлгээс хэрхэн өөрт яг тус болж чадах эмнэлгийг олж ирэх вэ гэдэг санаа зовоодог л доо. Эмнэлгүүдийн ялгааг та хэлж өгөхгүй юү?

-Солонгост гурван шатлалын эмнэлэг бий. Нэгдүгээр шатны эмнэлэг нь нэг л төрлийн үзлэг эмчилгээ хийдэг. Хоёрдугаар шатных нь нэгдсэн эмнэлгүүд байдаг. Гуравдугаар шатлалын эмнэлгүүд нь дээд түвшний эмнэлгүүд юм. Хүчин чадал, шилдэг эмч мэргэжилтнүүд, техник тоног төхөөрөмжөөрөө болон үйлчилгээний үнээрээ ялгаатай.

Гуравдугаар шатлалын 43 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол хүмүүс ирэхийнхээ өмнө яг ямар эмчилгээ хийлгэх гэж байгаагаасаа хамаараад эмнэлгээ сайн сонгож ирвэл зүгээр гэж бодож байна. Тухайлбал, хавдартай хүн бол их сургуулийн, чанартай эмнэлэгт эмчлүүлэхээр ирсэн нь зүгээр болов уу, энэ бол миний хувийн бодол шүү. Мөн монгол орчуулагчтай эмнэлэгт хандах нь зүйтэй. Аль болох хэлний бэрхшээлгүй эмнэлэгт очих нь зүгээр.

004-1-810x393

-“Ээ дээ, орчуулагчтай эмнэлэгт л битгий очоорой, эмнэлгийнхээ талд ажиллаад хамаг мөнгийг чинь хамчихдаг” гэх хүн ч байдаг. Бодит байдал дээр маш сайн солонгос хэлтэй монгол хүн битгий хэл жирийн солонгос хүн ч ойлгож, хэлж өгөхөд түвэгтэй, өвчний талаарх маш нарийн үг хэллэгтэй мэдээллийг эмч, өвчтөн хоёрын дунд дамжуулж, үг бүр нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбогдож байдаг санагдсан?

-Тийм шүү. Яаж ч бодсон мэргэжсэн орчуулагчтай эмнэлэгт хандвал үр дүн нь сайн байх болно. Манай эмнэлэг гэхэд л хэсэг хугацаанд монгол орчуулагчгүй байснаас өөр улс орнуудад төвлөрч ажиллаж байсан. Одоо бол Ариун гэж монгол орчуулагч-координатортой ажиллаж байна. Ханян их сургуулийн эмнэлэгт Ариунтай хамтран ажиллах болсон нь надад тохиолдсон хамгийн азтай тохиолдол гэж боддог. Координатор бол эмч өвчтөн хоёрыг холбодог хамгийн чухал хүн юм. Хоёр дахь гол хийх ажил нь өвчтөний талаарх мэдээлэл тухайн орныхоо хэлээр орж ирдэг. Түүнийг профессор ойлгох хэмжээнд мэргэжлийн орчуулга хийж өгөөд буцаад эмчийн өгсөн хариуг орчуулж явуулдаг. Координаторын ажлын 90 хувь нь энэ гэж ойлгож болно. Өвчтөн эмнэлэгт ирээд хамгийн түрүүнд координатортой уулзана. Тэр хүн хэр итгэж болохоор байна, ажлаа хэр сайн хийж байна түүнийг нь харж, түүгээр нь дамжин тухайн эмнэлгийг үнэлж эмчилгээ хийлгэх итгэл үнэмшил төрнө. Ханян их сургуулийн эмнэлэг монгол хүнд өөрийнх нь эх хэлээр тусламж үйлчилгээг хүссэн түвшинд нь өгөх боломжтой. Манайх монгол өвчтнүүдэд бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байх эмчилгээг хийж өгнө.

-Монгол хүнд зориулсан тусгай хөнгөлөлтүүд бий юу? Эмнэлгийн үйлчилгээний үнэ хөлс бусадтайгаа харьцуулахад ямар вэ?

-Бий. Юуны өмнө монгол хүмүүс рүү чиглэсэн хоёр бодлогын чанартай зүйл хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалгүй хүмүүст дэмжлэг үзүүлж ажиллах. Үүнд, БНСУ-д амьдарч байгаа монгол хүмүүс ч орно. Тэдний дунд даатгалгүй хүмүүс их учир хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа. Давтан үзүүлж, давтан шинжилгээ хийлгэж байгаа хүмүүстээ шинжилгээ давтаж өгөх бүрт шинжилгээний төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байна. Хоёрдугаарт, Монголын эрүүл мэндийн салбарт тус дэм болох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн хоер зүйл дээр хамтын ажиллагаагаа тодорхойлон ажиллаж байна.

Солонгост манайхтай ижил гуравдугаар шатлалын 43 эмнэлэг байгаа. Бүгд ойролцоо үнэлгээтэй. Манайх гэхэд эмчийн үзлэг 57 мянган вон. Бусад ижил түвшний эмнэлэг дунджаар 55-70 мянган вон байгаа болов уу. Солонгосын даатгалын газраас үнийн тогтолцоог гаргаж өгдөг ба тэр үнэлгээг үндэслэн гадаад өвчтөний эмчилгээний үнэ гардаг.

005-1-810x394

-Мөнгө, санхүүгийн боломжгүйгээс олон нийтээс хандив, тусламж цуглуулан хүнд өвчнөө эмчлүүлэхээр явах тохиолдол Монголд бий. Ийм хүмүүст тодорхой үнийн хөнгөлөлт бий юу?

-Одоогоор ингэж хандсан тохиолдол гараагүй байна. Хэрэв хандив тусламжаар ирж эмчлүүлж байгаа гэдгээ эмнэлгийн захиргаанд мэдэгдвэл бид тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ.

-Ханян эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэхээр явъя гэвэл монгол хүмүүст хамгийн түрүүнд виз хөөцөлдөх ажил гарна. Визний материалд нь эмнэлгээс ямар бичиг баримт өгдөг вэ?

-Монголоос ирж байгаа өвчтөнүүд эхэлж эмнэлэгтэйгээ холбогдож цагаа аваад, цаг авсан бичгээ визний материалдаа хавсаргаад өгч байгаа. Эмнэлгийн зүгээс тухайн хүний эмчилгээтэй хамааралтайгаар тэр хүнд хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд эмчилгээний урьдчилсан төлөвлөгөө, ойролцоогоор хэд хоног, хэр зэрэг хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг бичгүүдийг хийж өгдөг.

-Монгол хүмүүсийн санааг зовоодог бас нэг зүйл нь эмнэлэг зуучлагчид байдаг. Зуучлалын компаниар дамжиж очих нь дээр, эсвэл дэмий гэх зэргээр. Чухам юунаас болоод ингэж эргэлзээд байдаг юм бол? Зуучлалын байгууллагатай танайх хэрхэн харилцдаг вэ?

-Аль ч улс оронд муу хүмүүс бий. Зуучлалын компаниуд хууль бус үйлчилгээ үзүүлж, өндөр хөлс авах тохиолдол гардаг. Зуучилж байгаа байгууллагууд өвчтөнөөс үйлчилгээний хөлс авах ёсгүй, эмнэлгээс тэдэнд зуучлалын хөлс олгодог. Энэ харилцааг БНСУ-ын хувьд хуулиар зохицуулж өгсөн байдаг. Зуучлалын хөлсөнд 20 хувиас доош төлбөр төлнө гэх зэргээр. Гадаад өвчтөнүүдийн хувьд аль болох Солонгосын томоохон эмнэлгүүдэд ирж үйлчлүүлэх нь чухал гэж бодож байна. Нэгд, эмч нар нь шигшигдсэн, техник тоног төхөөрөмж өндөр түвшнийх. Хоёрт, найдваргүй зуучлалын компанид болон мөнгө л олох зорилготой эмнэлэгт хандаж мөнгөө алдаж байхаар хуулиа барьж ажилладаг том эмнэлгүүдэд шууд хандах нь илүү сайн үр дүнтэй, илүү итгэлтэй, өөрт тань хэрэгтэй болов уу. Учир нь, том эмнэлгүүд илүү ажилбарууд хийлгэж мөнгө олох гэсэн санаа байхгүй, тухайн өвчтний хийлгэх ёстой эмчилгээ үйлчилгээг л тодорхой, шууд үзүүлдэг.

Ханян их сургуулийн эмнэлэг гадаад, дотоодын зуучлалын компаниудтай харилцдаг. Гадаадын компанийг үйл ажиллагааны зөвшөөрөл, байгууллагын түүх, банкны мэдээлэл зэргийг харгалзаж гэрээгээ хийдэг. Анхны өвчтөн ирж байж гэрээ хүчин төгөлдөр болдог.

006-1-810x394-Гадагшаа эмчлүүлэхээр явахдаа бид баахан шинжилгээгээ бариад явдаг. Гэвч хүмүүс “Наадах чинь хэрэг болохгүй, эмнэлэг нь авч хэлэлцдэггүй. Өөрсдөө л шинжилгээгээ авдаг” гэх нь бий. Шинжилгээнүүдээ авч ирэх нь хэрэг болдог уу?

-Олон улсын эмнэлгийн үүрэг нь гадаад өвчтөн ирэхэд ямар шинж тэмдэг илэрч байгаагаас шалтгаалан аль тасаг руу хуваарилах вэ гэдэг асуудлыг шийддэг. Та Монголдоо ямар шинжилгээ хийлгэсэн, тэр бичгүүдээ авчрахад болно. Бүр аль болох шинжилгээнүүдээ наашаа урьдчилан өгөх нь танаас илүү зардал гарах явдлыг хэмнэнэ. Бид ирүүлсэн шинжилгээнүүд, оношийг харж байгаад үнэ төлбөрийн талаар ч урьдчилсан мэдээлэл өгдөг. Ингэх нь өвчтөнд ойлгомжтой, бүх зүйл тодорхой хялбар болдог. Эмчлүүлэх хоног хугацааг ч бас хэд орчим хоног хугацааны эмчилгээ болохыг урьдчилан хэлдэг. Тийм болохоор аль болох өөрийнхөө өвчний талаарх мэдээлэл, шинжилгээнүүдээ урьдчилж өгөх нь илүү үр дүнтэй, ач холбогдолтой байдаг. Онош тодорхойгүй бол ирээд шинжилгээгээ өгнө. Мөн ямар нэг хагалгаанд орох өвчтнийг ирэхэд нь бид хагалгааны өмнөх шинжилгээг заавал хийдэг.

-Ханян их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэхээр ирж байгаа хүн хэрэв Asiana-гийн нислэгээр ирвэл 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж, илүү нэг хүний ачаа үнэгүй авч явах боломжтой гэж байсан. Үүнийг яаж авах вэ?

-Өвчтөн ирэхийнхээ өмнө цаг авах захиалга өгөхдөө Asiana-гаар ирнэ гэдгээ хэлэх хэрэгтэй. Тэгвэл бид давхар бичиг хийж өгдөг. Тэр бичгийг онгоцны тийз авах газартаа авч очоод хөнгөлөлттэй үнээр зорчдог.

-Ханян их сургуулийн эмнэлэг хавдрын эмчилгээнд “Цусгүй хагалгаа” хийж байна. Хавдрын эмчилгээ, тоног төхөөрөмжийн хувьд Солонгостоо тэргүүлдэг гэх юм?

-Их сургуулийн эмнэлгүүдийн үзүүлэлтүүд гэж бий. Ханян их сургуулийн эмнэлгийн хувьд хавдрын эмчилгээнд сүүлийн үеийн Novalis TX төхөөрөмжийг ашиглаж байна. Энэ аппарат Солонгосын 4-5 эмнэлэгт бий. Толгойноос хөлийн үзүүр хүртэл бүх хавдрыг эмчилдэг. Хүмүүс энэ аппаратаар хийдэг эмчилгээг “Цусгүй хагалгаа хийлээ” гэж ярьдаг юм. Зөвхөн тэр хавдраас ялгаж, эргэн тойрон дахь эд эрхтэнд цацраг туяаны хор хүргэхгүй байхаар хийгдсэн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан хавдрыг үр дүнтэй эмчилж байна.

-Эмнэлгийг сайн, шилдэг эмч наргүйгээр тодорхойлох боломжгүй. Сайн эмч нарын тухайд юу хэлэх вэ?

-Солонгос улсын шилдгийн шилдгүүд нь анагаахын их сургуульд ордог. Нийт сурагчдын нэг хувь нь л шилдгүүд байдаг. Тэр шилдгүүдийн дотроос 0,1 хувь нь л анагаахын их сургуульд элсэж чаддаг. Бид эмнэлэг дотроо сайн эмч нарынхаа зургийг байрлуулдаг юм. Энэ хүний зургийг нь тавьчихъя гээд зүгээр дураараа тавьчихсан зүйл биш л дээ. Энэ эмч нараар маш олон хүн эмчлүүлдэг, хэвлэл мэдээллээр байнга тэдний тухай танилцуулагддаг, хагалгаа эмчилгээг маш амжилттай сайн хийдэг эмч нараа бид “Сайн эмч” гэж танилцуулдаг. Тухайлбал, манай Кон Сон Жун гэдэг ходоодны хорт хавдрын мэс засалч профессор ходоодны хорт хавдрын 3000 дахь хагалгаагаа хийсэн. Энэ нь энэ хүн 10 жилийн турш хагас бүтэн сайн гэлгүй амралтгүйгээр өдөр бүр нэгээс дээш хүнд хагалгаа хийжээ гэсэн үг шүү дээ.

-Саяхан Ханян их сургуулийн эмнэлэг дээр Монголоос эмч нар ирсэн. Манай эмч нар юу илүү сонирхож байна вэ?

-Монгол улсын Эрүүл мэндийн яам болон эмнэлгийн байгууллагын эмч мэргэжилтнүүд, нэгдсэн эмнэлгийн дарга нар 2019 оны арванхоёрдугаар сар, 2020 оны нэгдүгээр сард манай эмнэлэгт зочилж, Солонгос улсын резиденс эмч нарыг хэрхэн бэлтгэж, яаж цааш мэргэшүүлдэг тогтолцоотой газар дээр нь ирж танилцаад явсан. Резиденс эмч нарыг дадлагажуулдаг эмнэлэг гэж байдаг. Манайх энэ эмч нарыг бэлтгэдэг эмнэлэг учраас манайхтай ирж танилцсан. Мөн 2019 онд манай Ханян эмнэлгийн дарга Монгол улсад очиж ажиллан хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллах гэрээ хэлцлүүд хийсэн. Хавдрын үндэсний төв зэрэг гэрээт байгууллагуудаас өвчтөн ирж үйлчлүүлэхэд үнийн хөнгөлөлт үзүүлэх тухай гэрээнд заасан байгаа.

-Та өөрөө Монголд хэр олон очсон бэ? Гадны хүний нүдээр Монгол минь ямар харагдаж байсан бол?

-Дөрвөн удаа очиж байсан. Би нэг үгээр Монголыг “Их буянтай орон” гэж хэлмээр байна. Байгалийн сайхан дээрээ хүмүүсийн харьцаа хандлага их сайхан. Хот, хөдөөгийн ялгаа их санагдсан. Том, өргөн уудам газар нутагтай учраас тэр байх. Гэхдээ энэ нь хөгжих боломж ихтэй газар байна гэж харагдсан.

Би эмнэлгийн хүн учраас эрүүл мэндийн байгууллагуудаар их явдаг. Тоног төхөөрөмжөө сайжруулаасай гэж бодсон. Аль ч улсын эмч нар баримтан дээр тулгуурлаж эмчилгээ хийдэг болохоор тоног төхөөрөмж сайн байх хэрэгтэй. Мөн монгол хүмүүсийг урьдчилан сэргийлэх шинжилгээнд их хамрагдаж байгаасай гэж бодсон. Урьдчилан сэргийлэх нь эрүүл амьдрах, урт наслахад хамгаас чухал шүү дээ.

-Танд баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх