Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны хүрээлэн нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус тусын сан хөмрөгөөс судалгаа хийх нөхцөлийг нээх, үнэт, ховор баримт бичиг, ном судрыг цахим хэлбэр шилжүүлэн, мэдээллийн бааз бий болгох, цахим үйлчилгээтэй холбоотой асуудлаар хамтран ажиллах, архивын баримтаар хамтарсан үзэсгэлэн гаргах, судалгаа, шинжилгээний зориулалтаар ном товхимол, эмхтгэл гаргах зэрэг хэд хэдэн чухал ажлуудыг тусган “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2018 оны 11 дүгээр сард байгуулсан.
Тэгвэл энэхүү санамж бичгийн хүрээнд хийгдэж буй анхны бүтээл болох “ХААДЫН ЗАРЛИГ ӨРГӨМЖЛӨЛ ЖУУХ БИЧИГ” уншигч олны хүртээл болоход бэлэн болоод байна. Уг бүтээл нь Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Манж Чин улс, Богд хаант Монгол Улсын үеийн хаадын зарлигаар буулгасан өргөмжлөл, жуух бичгүүдээс бүрдсэн бөгөөд Манж Чин болон Богд хаант төрийн бодлого, монголын язгууртан ноёдын хоорондын харилцаа, төрийн ёс, ёслол, цол хэргэм, бичиг соёлын дэг уламжлал зэрэг олон асуудлыг тодорхой харуулж чадахуйц баримт бичгүүдийг багтааснаараа онцлог юм.
Номын нээлтийн арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр МУҮНС-ийн байранд зохион байгуулсан бөгөөд Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, МУҮНС-ийн гүйцэтгэх захирал Б.Ичинхорлоо, ШУ-ны академийн Түүх, угсаатны хүрээлэнгийн захирал С.Чулуун, судлаач, эрдэмтэд болон бусад зочид төлөөлөгч нар оролцлоо.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.