Цэцэрлэг, сургуулийн хичээлийг гуравдугаар сарын 2-н хүртэл хаана

2020 оны 01-р сарын 24 өдөр, 18 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsetserleg

Улсын Онцгой комиссын 2020 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уг хуралдаанаар ирэх даваа гарагаас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох, урт хугацаагаар ерөнхий боловсролын сургуулийн хичээл завсарлах тул онлайн сургалт явуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болголоо.

Энэхүү шийдвэрийг өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын бүх сургууль дагаж мөрдөнө.

Мөн ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.

“Томуу, томуу төст өвчний тохиолдол амбулаторийн үзлэгийн 9.5 хувийг эзэлж байгаа үед коронавирусийн эрсдэл орж ирвэл хүүхдээр тогтохгүй хүн амын хувьд эрсдэлтэй гэж үзсэн учраас Эрүүл мэндийн яамнаас дээрх саналыг Улсын онцгой комиссын хуралдаанд оруулсан байна.

Түүнчлэн Улсын Онцгой комиссын хуралдаанаар эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах үүднээс эм тариа, бусад нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэхийг Сангийн яам, Эрүүл мэндийн яаманд үүрэг болгов.

Харин БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудын хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон юм.

Хилийн боомт орчмын хөдөлгөөнийг хязгаарлахад хөрш орондоо мэдэгдэж, шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тийм учраас хилээр нэвтрэх явган иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх