Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд Марк Руттэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

2020 оны 01-р сарын 24 өдөр, 12 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_6037

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд Марк Руттэ бараалхлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын уул, уурхайн салбарт хамгийн их хөрөнгө оруулсан улсуудын нэг нь Нидерланд хэдий ч хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглах эрмэлзэлтэй байгаа гэдгээ тодотголоо.

Тухайлбал, хөрш зэргэлдээ БНХАУ 800 гаруй бараа бүтээгдэхүүнд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж байгаагийн дийлэнх нь хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд иргэдийнх нь худалдан авах чадвар нэмэгдэж, цаашид хямд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо нь хумигдаж байгаа нь монголын худалдааны ирээдүйд сайнаар нөлөөлнө хэмээн тооцоолж байгаа талаар ярилцсан юм. Үүний зэрэгцээ Монголын авто болон төмөр замын дэд бүтэц өргөжиж, Евразийг холбосон байршил зэрэг нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах тул Нидерландын бизнес төвийг Улаанбаатарт нээх зэрэг санал хэллээ.

Нидерландын Хаант Улсын Ерөнхий сайд Марк Руттэ хөдөө, аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого баримталж, баг, бүрэлдэхүүнээ Монгол Улс руу илгээж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн буйгаа хэлсэн юм.

Уулзалтаар талууд хөдөө аж ахуйн салбараас гадна Монгол Улсад хэрэгжиж буй мал, аж ахуй, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний салбарын асуудлаар санал солилцож, ярилцлаа. Уулзалтын төгсгөлд ноён Марк Руттэ Монгол Улс олон улсад жишиг болохуйц байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буйд баяр хүргэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх