Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 17 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 37 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, 220 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Тухайлбал 2020 оны 01 дүгээр сарын 01-ний 05.06 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 51 дүгээр байрны гадна хогийн цэг шатаж цэгийн ойролцоо приус 20 Жи-королла, Санта-п маркийн автомашинууд хайрагдаж шатаж байсныг Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраасан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 04.17 цагт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 7 дугаар гудамжинд 18х10 хэмжээтэй нийтийн байрны үүдний амбаар шатаж байсныг Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги шуурхай ажиллан, утаажилтын бүсээс 29 иргэнийг гарган амь насыг авран хамгаалсан байна.
Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэн, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын мөнгөн шөнө-2019” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн, ёслолын буудлагын үеэр 70 алба хаагч, тусгай зориулалтын 3 автомашинтайгаар иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.