Өнгөрсөн долоо хоногийн тойм

2019 оны 12-р сарын 28 өдөр, 12 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
80790677_824054344722477_9205153352520826880_n_20191227025057

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арванхоёрдугаар сарын 23-наас арванхоёрдугаар сарын 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн Цагдаагийн газар шаардлагатай автомашинаар парк шинэчиллээ

Нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчдын 2019 оны тайлангийн хурал боллоо. 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, ирэх оны ажлын амжилтаа ахиулан бататгах төлөвлөгөөгөө хэлэлцсэний зэрэгцээ ажил үйлсээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Тайлангийн хуралд НИТХ-ын дарга Р.Дагва болон  хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо. 2019 онд тус газраас олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Ойлгоё Хүндлэе” зэрэг нийгэмд үр өгөөжөө өгсөн аянуудыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн гэж тайлангийн хурлын үеэр танилцуулж байв. Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зүгээс Нийслэлийн цагдаагийн газарт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлэн ажилласны үр дүнд 2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэрэг 20 хувиар буурч, Гэмт хэргийн илрүүлэлт 10  гаруй хувиар өссөн сайн үзүүлэлт гарчээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлчүүдийн аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагдаагийн албан хаагчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. “Ирэх жилүүдэд цагдаагийн байгууллагын бааз суурь, техник тоног төхөөрөмж зэргийг сайжруулж парк шинэчлэл хийхэд онцгой анхаарна. Энэ удаа 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийлээ. 2020 онд туулах чадвар өндөртэй 65 автомашинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Нийслэл хотын хөгжлийн гол шалгуур үзүүлэлтүүдийн нэг бол иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах байдаг. Тиймээс энэ чиглэлийн салбаруудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч, илүүтэй дэмжиж ажиллана. Мөн 2020 онд Яаралтай түргэн тусламжийн газрын парк шинэчлэлийг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хэмжээн дэх хяналтын камеруудыг шинэчилж сайжруулах, нэгдсэн стандарт мөрдүүлдэг болно” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Тавантолгой түлш” ХХК-д ажиллав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хотын захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-д ажиллав. “Тавантолгой түлш” ХХК-ийн  гүйцэтгэх захирал М.Ганбаатар шадар сайдад үйлдвэрийнхээ үйл ажиллагааг танилцуулан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ. “Тавантолгой түлш” ХХК нь Төв аймгийн Гүнбүрдийн аманд байрлах түүхий эдийнхээ нөөц талбайд цахилгаан хангамж бүхий явуулын болон суурин бутлуурын төхөөрөмж байрлуулан ажиллах, үйлдвэрийнхээ агааржуулалтын цогц төхөөрөмж байрлуулах, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж байгаатай холбогдуулан савалгааны үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайханы 07 дугаар захирамжаар баталсан хуваарийн дагуу түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өдөр бүр 11:00-24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байгаа талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд хэллээ. Сайжруулсан түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, нийслэлийн Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай (ЗИЛ-131) автомашинаар энэ сарын 23-наас эхлэн өдөр бүр түгээлт хийж байна. Мөн сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллаж байна. Одоогийн байдлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн дөрвөн үйлдвэр 12 шугам хэвийн ажиллаж 1 дүгээр үйлдвэр нь сард 27.000 тонн, 2 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 3 дугаар үйлдвэр нь 18.000 тонн, 4 дүгээр үйлдвэр нь 6.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж  байна.

Сайжруулсан түлш хүргэх боломжгүй өндөрлөг цэгт туулах чадвар сайтай автомашинаар түгээлт хийж байна

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар “Тавантолгой түлш” ХХК-д ажилласан. Энэ үеэр сайжруулсан түлш хүргэх боломжгүй өндөрлөг цэгүүдэд түлш хүргэх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн туулах чадвар сайтай 20 гаруй (ЗИЛ-131)  автомашинаар түлшний түгээлт хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өндөрлөг 25 цэгт машин явах боломжгүй, халтиргаа гулгаа ихтэй нөхцөл байдал бий болсон байна. Тиймээс түлшээ гэрт хүргэх  боломжгүй хүүхэд, ахмад настануудад гэрийнх нь гадаа түлш буулгах ажил үргэлжилж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан цалинтай ажиллуулах шийдвэр хэрэгжиж байна. Мөн нийслэлийн өндөрлөг цэгүүдэд түлш хүргэхэд ЗХЖШ-аас туулах чадвар сайтай автомашинаар тусламж үзүүлэх чиглэлийн дагуу 27 (ЗИЛ-131)  автомашинаар түлшний түгээлтийг хийж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд иргэд талархалтай байгаа гэдгээ цэргийн алба хаагчдад илэрхийлж байна. Түлш түгээлт хүйтний эрч сулрах хүртэл үргэлжилнэ” гэв

Мөсөн хотхон нийслэлийн төв талбайд сүндэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй Мөсөн хотхоны нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болсон юм. Нээлтийн үеэр 100 гаруй авъяаслаг залуус нэгдэж, “Цэвэр агаартай хот”-ын төлөө иргэн бүр нэгдэж, агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор флаш моб толилуулсан нь олны анхаарлыг татсан юм. Мөн жанжин Сүхбаатарын талбайн мөсөн гулгуур нээлтээ хийж, тэшүүрийн тамирчид уран гулгалтын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж, урлаг соёлын салбарынхан уран бүтээлээ хүргэлээ. Өвлийн улиралд зориулсан “Цэвэр агаартай хот” аянд зориулан мөсөн хотхон байгуулж байгаа нь олон давуу талыг бий болгож байна. Тухайлбал, нийслэлийн иргэд өвлийн улиралд хотоосоо “дайжиж”, тодорхой зайд гарч цэвэр агаар амьсгалдаг байсан бол энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 доошгүй хувиар буурсан учраас нийслэлийнхээ төв талбайд гэр бүлээрээ мөсөн хотхонд чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх, өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, цаашлаад өвлийн аялал жуулчлалыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломж бий болж байгаа аж.

“Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг  баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг хэлэлцлээ.

Төлөөлөгчдийн зүгээс Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уг дэд хөтөлбөр, журмыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм.  Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал дээр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах, түншлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Харин журмын төслийг дахин хянаж үзэж, зарим зүйл заалтыг нэмэх шаардлагатай хэмээн төлөөлөгчдийн олонх нь үзсэн тул “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг баталж, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэж, зарим өөрчлөлтийг оруулахаар тогтов.

Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд  тодорлоо. Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль  сахиулах, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбарын 31 ажилтан, албан хаагч нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” боллоо. Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Н.Батмөнх,“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Хог тээврийн машины жолооч В.Чулуунбаатар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Т.Алтансувд, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын жолооч С.Батсүх, Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн жолооч Ж.Мөнхбаяр, СХД дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн жолооч, жижүүрийн цагдаа Б.Буянбат, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн Физикийн багш Н.Оюунчимэг, нийслэлийн Авто зам хөгжлийн газрын мэргэжилтэн М.Ганбаатар, Амгалан амаржих газрын Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Ц.Байгалмаа нарын 31  иргэн хөдөлмөр, бүтээлээрээ бусдыгаа манлайллаа.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн 30 ортой тасаг шинээр ашиглалтад орлоо

Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасгийг шинээр ашиглалтад орууллаа. Тус нэгдсэн эмнэлгийн хоёр давхрыг өргөтгөн, 504 м2 талбай бүхий нэг давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй аж. Өргөтгөлийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, ХУД-ийн ЗДТГ-аас хэвтэн эмчлүүлэх ор, шүүгээ бүхий 50 гаруй сая төгрөгийн тавилга, эд хогшлоор хангасан байна.

Утаа шүүгч суурилуулсан 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухтай аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа

Засгийн газрын 62 тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ-аас 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудад агаарын бохирдлыг бууруулах зорилгоор утаа шүүгч суурилуулах шийдвэрийг энэ онд гаргасан. Тус шийдвэрийн хүрээнд суурилуулсан утааны шүүлтүүр нь хөлдөх, эвдрэх, стандартын бус суурилуулсан зэрэг олон гомдол санал ирсний улмаас УБЗАА-ны зургаан хэлтсийн даргаар ахлуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг өнгөрөгч 12 сарын 13-16 өдрүүдэд 216 халаалтын зуухны газрын 409 халаалтын зууханд үзлэг шалгалт явуулжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газрын холбогдох инженер техникийн ажилчид тус утаа шүүгч суурилуулсан аж ахуйн нэгжүүдтэй хуралдаж, хяналт шалгалт хийсэн тухай, техникийн дүгнэлт болон цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцлээ

“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааны дүн гарлаа

Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн, Орчин, Төлөвлөлт төвтэй /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршил загвар зураг төсөл боловсруулах уралдааныг Хот байгуулалт, хөгжлийн газраас зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан залуусын дунд зохион байгуулж, шагналыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх гардууллаа.Уралдаанд нийт таван багийн 12 бүтээл ирүүлж, Хот байгуулалт хөгжлийн газрын цахим хуудаст нийт 3117 иргэн саналаа өгсөн байна. Тэргүүн байр – 75.9 оноогоор “United Professionals” баг; Шагналт байр -72.7 оноогоор Архитектор Н.Төгөлдөр; Шагналт байр- 50.8 оноогоор “Puma international” ХХК тус тус шалгарч Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх шалгарсан багуудад “Нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа та бүхний цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсье” хэмээн талархлаа илэрхийллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх