Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ноос арванхоёрдугаар сарын 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
Нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа
НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна.
2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж тогтоолд тусгажээ. Ийнхүү нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг дэмжье гэдгээр санал хураахад 75,68 хувиар тогтоол батлагдлаа.
Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлагдлаа
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/1210 тоот Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа. Уралдаанд Монгол Улсын иргэншилтэй иргэдээс бүрдсэн мэргэжлийн уран бүтээлчдийн багууд болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Элчин сайдын яамдууд төсөл боловсруулан оролцох боломжтой.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь өөрийн товч намтар ажил гүйцэтгэх чадварыг илтгэх танилцуулга, Д.Сүхбаатарын талбайд хийх мөсөн хотхон байгуулах төслийг боловсруулан битүүмжлэн ирүүлэх ба материалыг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө. Сонгон шалгаруулалтад оролцогчдын дүнг 12 дугаар сарын 11-ны өдөрт багтаан зарлан танилцуулах бөгөөд шалгарсан багтай тус өдөрт багтаан гэрээ байгуулж, хамтран ажиллах юм байна.
Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тус асуудлыг хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын хэрэгцээнд зориулан Сонгинохайрхан дүүргийн газраас 551, Төв аймгийн Аргалант сумын 12 031 ам метр талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Гэвч айл өрхүүд тухайн газар суурьшиж, газрын давхцал үүссэний улмаас цогцолборын төлөвлөлт хийхэд хүндрэлтэй болоод буй. Тиймээс Аргалант сум болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тусгай хэрэгцээнд авах талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлага гарчээ. Өнөөдрийн хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн 551 га газрыг оруулснаас дөрвөн га талбайг хасаж, 18.8 га-г нэмж нийтдээ 565.8 га талбай болгон өөрчлөх санал боловсруулжээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжиж, нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХХ хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр анх удаа гадаргын ус хуримтлуулах хөв байгууллаа
Уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн газрын доорх болон гадаргын усны нөөц хомсдох, бохирдох явдал нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болсон байна.
Жилд дунджаар 9000 гаруй гүний худгаас 80 орчим сая шоо метр газрын доорх усыг ашигладаг манай хотын хувьд гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, гадаргын ус ялангуяа бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь эдийн засгийн болоод байгаль хамгааллын онцгой ач холбогдолтой юм.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллахаар боллоо
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Э.Галбадрах нар мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлы 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн ажиллаж буй юм. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 06-нд зохион байгуулсан “Нийслэлийн иргэдэд үзүүлж буй мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөлдөх уулзалтаар дүүргийн эмнэлгүүдийн Мэс засал, гэмтлийн тасгийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, лавлагаа шатлалын эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэр гаргасан юм.
Галын аюулаас долоон хүний амь насыг аварсан түргэн тусламжийн эмч, жолооч нарыг “Хүний төлөө” медалиар шагналаа
Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, нойр хоолоо умартан ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хүний төлөө” медалиар шагнаж, нэг сарын цалинтай нь дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.
Тэд албан үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртсөн долоон хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлсэн бахархам гавьяаг байгуулсан билээ. Тухайлбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04:30 цагт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар долоон минутын дотор тус газарт очжээ. Энэ үедээ галын аюулд өртсөн айлын гэрээс 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, түргэн тусламжийн машиндаа зөөж оруулж дуусахтай зэрэгцэн гэр шатаж, нурсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан амин дэм, хэрэгцээт эм бэлдмэлийг гардуулан өглөө
НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан олон төрлийн амин дэм, эм бэлдмэл, гарын авлага, тэргэнцэр зэргийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-нд гардуулан өглөө. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
2018 оны хүн ам зүйн үзүүлэлтээр Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 33 хувь нь нийслэл хотод амьдарч байгаа бөгөөд үүнээс 3653 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотод амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” нийслэлийн дэд хөтөлбөрийн баталсан. Мөн Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-ийг ажиллуулж, жил бүр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж иржээ.
“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудад хийсэн хөндлөнгийн үнэлгээг хэлэлцэв
“Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудад иргэдийн оролцоонд тулгуурласан хараат бус, хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, түүний үр дүн, зөвлөмжийг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд болон дүүргийн Боловсролын газрын удирдах албан тушаалтнууд оролцов.
Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттэй Нийслэлийн Засаг даргын Тамгын Газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” дэд төслийн хүрээнд “Нийслэлийн Боловсрол-2020” дэд хөтөлбөрийн үр дүнд, иргэний нийгмийн хоёр байгууллагыг сонгон шалгаруулж, иргэдийн оролцоонд тулгуурласан хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн байна.
С.Амарсайхан: Оролцогчдын гаргасан шинэ санаачилга, шийдлүүдийг бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид ажилдаа тусгах нь чухал
“Ирээдүйдээ эзэн байя” уриатайгаар тав дахь жилдээ зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагч үндэстэн-2020” чуулга уулзалтын “Улаанбаатар хотын бизнесийн орчин”, “Сео” зэрэг хэлэлцүүлгүүдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан панелистаар оролцлоо.
Улаанбаатар хот цаашид ямар төлөвлөлтөөр хэрхэн хөгжих, бусдаас ялгарах онцлог нь юу байх вэ, хүн амынх нь талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлж байгаа нийслэлийн хувьд тэдэн рүү чиглэсэн ямар бодлого баримталж байна вэ, ажил хэргийн аялал жуулчлал өдгөө дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа тул хотоос энэ талаар анхаарч байна уу гэх мэт олон асуудлыг нүүр тулсан “Сео” хэлэлцүүлгийн үеэр хөтлөгч хөндөн асууж байв. Тэр дундаа хотын Захирагч С.Амарсайхан “Монголчууд бид найман зууны тэртээгээс улбаатай нүүдлийн соёлын үнэт зүйл бүхий хот байгуулалтын түүхэн уламжлалтай ард түмэн. Байшин барилга бол хаана ч байдаг. Улаанбаатар хотын бусад хотоос ялгарах онцлог нь (identity) нүүдэлчдийн сонгодог уламжлалыг хослуулсан хот болж хөгжих явдал гэж хардаг. Шинэ Нисэх буудлын орчим дахь дагуул хотыг яагаад Монголын олон үндэстэн ястны өв соёл, онцлогийг илэрхийлэхүйц төлөвлөлтөөр байгуулж болохгүй гэж. Наад зах нь, хотожсон нүүдлийн соёлыг илтгэх “Гэр моол” байж болно. Инженерийн дэд бүтэцтэй, орчин үеийн шийдэлтэй гэр, урц бүхий аялал жуулчлалыг татахуйц тосгон, хороолол байсан ч болно шүү дээ” хэмээн хотынхоо ирээдүйн хөгжлийг зургийг томьёолсон юм.
Хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа
ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа билээ. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Д.Бадарсан, Б.Бямбадорж нарыг Москва хотын Думын гишүүн, Орлогч дарга, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга Стевенскова Людмила, Москва хотын Думын Соёл, түүхийн өв уламжлалыг хамгаалах хорооны дарга Герасимов Евгений, Москва хотын Думын Экологийн бодлогын хорооны дарга Соловиев Александр нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Москва хотын Думын төлөөлөгчид өөрийн байгууллагын бодлого үйл ажиллагааны талаар товч мэдээллийг Монголын төлөөлөгчдөд хүргэж, Москва, Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцон, Монголын төлөөлөгчдийг Думын хурлын танхимтай танилцуулж, Улаанбаатар хотын Захирагч Москва хотын Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ зурлаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс