Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ” ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч А. Ганчөдөр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Д. Халиун, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д. Оюунхорол, MNB телевизийн захирал Л. Нинжжамц, Үндэсний статистикийн хорооны дарга А. Ариунзаяа, , СТА, Фантастик Продакшны жүжигчин Ж.Алтаншагай, М.Баярбат, залуу жүжигчин Б.Сансармаа, нэвтрүүлэгч Д.Одзаяа болон 16 настнуудын төлөөлөл болсон 850 сурагч оролцлоо.
Энэ жил улсын хэмжээнд 42822 арван зургаан настан иргэний үнэмлэхээ авч байгаа бөгөөд “АНДУУДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус ёслол 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд зохион байгуулагдаж байна. Мөн 2019 оны 11-р сарын 20-оос 12-р сарын 10-ны хооронд Нийслэлийн ЕБСургуулийн Залуучуудын Зөвлөл өөрсдийн сургуулиуд дээр зохион байгуулна. Одоогийн байдлаар Монгени Цогцолбор сургууль, 44-р сургууль, 79-р сургууль, 105-р сургууль, Монгол Тэмүүлэл сургууль, 60-р сургууль, 65-р сургууль, Хобби сургууль, Үй цай сургууль, Наран сургууль, 97-р сургууль, Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургууль, 13-р сургууль гэх мэт сургуулиуд амжилттай зохион байгуулаад байна.
Дашрамд сонирхуулахад, тус ёслолын үйл ажиллагааг Юнител ХХК, Гэгээнтэн кино театр, Чухал амжилт сургалтын төвүүд ивээн тэтгэж оролцсон байна.
Өвөг дээдсийн ариун үйл хэрэг, тууштай тэмцлийн гэрч болсон 11-р сарын 26 буюу Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй 42822 сурагчиддаа Монгол Улсын бахархалт иргэн болсноо ёсолж байгаад баяр хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!