Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд залав

2019 оны 11-р сарын 25 өдөр, 14 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b77ef7a6c2e778608a650f07b8723e34

Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд заллаа. Монгол брахми бичиг бүхий энэ дурсгал нь ОХУ-ын Эрмитаж дахь “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед буюу 1400 жилийн тэртээд хамаарахыг тогтоосон юм.

Бичээсийг залах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр эх хэл, соёлын амин сүнс, дархлааг энэ ёслол улам бэхжүүлж байгааг тэмдэглэж, монгол хэл бичгийн түүхэн баримт, хосгүй үнэт дурсгал гэдгийг тогтоосон бүх хүн, байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай анги 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олсон түүхтэй. 1972 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Шинэхүү үүнийг баримтжуулж, эртний брахми бичиг болохыг тогтоожээ. 2014 онд ХБНГУ-ын Д.Мауэ нарын дөрвөн улсын эрдэмтэд брахми үсгээр монгол хэлний авиаг тэмдэглэсэн бичээсийг бүрэн тайлж уншсан байна. Эрдэмтэн, судлаачид Хүйс толгойн бичээсийг Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон гэж үздэг. Бичээст Түрэгийн хааны нэр, цолоос гадна түүнээс өмнөх үе буюу Монголын эртний төрт улс Жужаны Анахуэй хааны нэр ч байдаг юм.

Монгол Улсын Засгийн газар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тогтоол гарган Хүйс толгойн бичээсийг “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д оруулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх