Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томиллоо.
Ажил хүлээлцэхэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Мөнхбаяр болон Хорооны газар, хэлтсийн дарга нар байлцав.
Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нар СЗХ-ны даргын ажилд амжилт хүсч, Монгол Улсаа “Саарал жагсаалт”-аас хурдан гаргахын тулд анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж, 2004 АНУ-ын Индианагийн их сургуульд Төрийн санхүүгийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Тэрбээр 1998 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтэст мэргэжилтэн, 2006 онд Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа” төслийн зохицуулагч, 2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн, 2012 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажилласан.