Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол
Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэр дуурайлал үзүүлж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Сандагийн Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Мөн Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан Жамцийн Дашдаваа,
Гавьяат агрономич
- Хэнтий аймгийн Биндэр сумын “Амжилт” ХХК-ийн захирал Цэнджавын Аюурзана,
- Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн ахмад ажилтан Сидийн Даваалхүмбэ,
- Орхон аймгийн Улаантолгойн сангийн аж ахуйн ахмад ажилтан Ойдовын Дүгэрсүрэн,
- Монголын тариаланчдын үндэсний хорооны Өвөрхангай аймгийн салбарын тэргүүн Дашзэвэгийн Лхагвабуд,
- “Дэвшил трейд” ХХК-ийн ерөнхий захирал Дамдинсүрэнгийн Мөнхбаатар,
- Сэлэнгэ аймгийн “Бүрэнтал” ХХК-ийн захирал Чойндонгийн Нямжав,
- Сэлэнгэ аймгийн Бооцын тариа ХХК-ийн зөвлөх Сайнхүүгийн Санжсүрэн,
- Завхан аймгийн Улиастай сумын ахмад тариаланч Галсанжамцын Цэрэн,
Гавьяат механикжуулагч цол
- Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн ахмад ажилтан Сампилийн Сүхбаатар,
- “Гурван борхууд” ХХК-ийн трактор комбайнч Чилхаажавын Хүрэлтөмөр,
- Хэнтий аймгийн “Идэр-Онон” ХХК-ийн захирал Магваны Оюунжаргал нарыг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цол
- Монголын радиогийн сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол
- Төв аймгийн Атарын сангийн аж ахуйн ахмад ажилтан Сүрэнжавын Тамжид нарыг шагналаа.
Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын дараах хүмүүст Төрийн одон медаль гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газрын агрономич Юнгрэнгийн Батцэнгэл,
- Булган аймгийн Засаг даргын орлогч Отгоны Гантулга,
- Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал, хорио цээрийн газрын улсын байцаагч Шаравын Тунгалаг,
- Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ахмад тариаланч Сандагийн Түмэнбаяр,
Алтан гадас одон
- “ЖС Агро” компанийн гүйцэтгэх захирал Магсарын Бадрах,
- Төв аймгийн Жаргалант сумын “Хонгор буудай” компанийн захирал Гэндэндарамын Болормаа,
- “Урт ус” ХХК-ийн агрономич Очирбатын Рэнцэнханд,
- Булган аймгийн Баян-Агт сумын “Актив-Агро” компанийн комбайнч Бямбасүрэнгийн Сандагдорж,
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул” компанийн трактор комбайнч Галбадрахын Энхбаяр,
Хөдөлмөрийн хүндэт медаль
- Сэлэнгэ аймгийн “Газар агро” компанийн трактор комбайнч Жоохүүгийн Энхтүвшин нарыг тус тус шагналаа.
ШАГНАЛ ГАРДУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАЯР ХҮРГЭЖ:
“Тариаланчид аа
Манлайлагчид аа
Атрыг далайцтайгаар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлснээс хойших 60 жилийн хугацаанд Монгол Улсын төрөөс 1959, 1976, 2008 онуудад Атрын гурван удаагийн аяныг зарлан хэрэгжүүлж байлаа.
Жаран жилийн хугацаанд 1.2 сая га атар газрыг тариалангийн эргэлтэд оруулж, 64 сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, 13 гурилын үйлдвэр байгуулагдаж, монголчууд өөрсдийн тарьж ургуулсан буудай, төмсөөр ард иргэдийнхээ хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний хангамж найдвартай, хангалттай, эрүүл, аюулгүй байхыг чухалчлан үздэг. Улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийг дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр хангахад тариаланчдын үүрэг маш чухал билээ. Өнөөдөр газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, ард иргэдийн хүнсний хэрэгцээг хангах үйлсэд 60 мянган тариаланч, ногоочид зүтгэж, нийт 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалан эрхэлж байна.
Атрын аянуудад идэвх зүтгэлтэйгээр оролцож, тариалангийн ажилд хүч хөдөлмөр, залуу насны эрч хүчээ зориулан, ачааны хүндийг үүрч ирсэн манлайлагчдыг түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон медалиар шагнаж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Сандагийн Ганболдыг шагнаж байна. С.Ганболд 1974 онд Ерөөгийн сангийн аж ахуйд тракторч, комбайнчаар ажиллаж эхэлсэн цагаасаа өнөөг хүртэл газар тариалангийн салбарт тасралтгүй 45 жил зүтгэж яваа юм. 1983, 1985, 1986, 1987, 1988, 1990 онуудад БНМАУ-ын Ургацын аваргаар шалгарч байсан. Таны Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн амыг дотоодын эрүүл бүтээгдэхүүнээр хангах, улс орон, орон нутгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэрт Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.
1970 оноос моторчноор ажлын гараагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тракторч, комбайнчаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, нутаг орондоо газар тариаланг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа Чалхаажавын Хүрэлтөмөрийг Монгол Улсын Гавьяат механикжуулагч цолоор шагналаа.
1964 оноос хойш тасралтгүй 56 жил тариалангийн салбарт ажиллаж байгаа, Завхан аймгийн харьяат, ахмад буурал Галсанжамцын Цэрэн гуайг Монгол Улсын Гавьяат агрономич цолоор шагнаж байна. Г.Цэрэн гуай Завханы улаан хальст саримс гэх нутгийн өвөрмөц сортыг үржүүлж, үрийг нөөцийг нэмэгдүүлэн, хүнсний эрүүл мэндийн брэнд бүтээгдэхүүн бий болгож, тариалах талбайг өргөжүүлснээс гадна төмс, манжингийн нутагшсан сортуудыг гаргаж авах, тариалах зөвлөмжийг боловсруулсан зэрэг тариалангийн салбарыг хөгжүүлэхэд үр бүтээл, идэвх санаачилгатай нэгэн жарныг зориулжээ.
Монголын Үндэсний Радиогийн редактор, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөрд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол олголоо. Л.Мөнхтөр 1978 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1992 оноос Монголын радиод сурвалжлагч, сэтгүүлч редактораар ажиллах хугацаандаа “Ургацын далай” хэмээх уламжлалт, газар тариалангийн мэдээ мэдээллийн нэвтрүүлэгт ажиллаж ирсэн. Мөн монгол адууны талаар судалгааны ажил олныг хэвлүүлсэн соёлын зүтгэлтэн юм. Газар тариалангийн талаарх “Ургадаг алт” хэмээх цувралыг 8 удаа хэвлүүлжээ. Тариаланчдын амжилт үйлсийг сурталчлах, тариаланд тулгарч байгаа асуудлуудыг олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхэд онцгой нөлөөлөл үзүүлж байсан сэтгүүлч мөн.
Шагнал хүртсэн манлайлагчид, гавшгайчид Та бүхэнд болон нийт тариаланчид, тариалангийн салбарын ажилтан, ажилчдад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлсний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг ахин дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор идээ ургац арвин байж, зон олон эрүүл саруул аж төрөх болтугай” гэлээ.