БНХАУ-ын Олон улсын импортын үзэсгэлэн Шанхай хотын “Үндэсний үзэсгэлэнгийн танхим”-д болж, нийт 150 орны 3000 гаруй компани, аж ахуйн нэгж оролцжээ. Үзэсгэлэнгийн хүрээнд “Invest in Mongolia – Shanghai 2019” форумыг зохион байгуулсан бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Батмагнай нэгдлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжийн талаар зочдод илтгэл тавьж, мэдээлэл өгсөн байна. Мөн тэрбээр Шанхайн хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл болон зэс, хуванцар эдлэл боловсруулах үйлдвэрлэл, машин механизмын үйлдвэрлэл, ложистик тээврийн удирдлагуудтай уулзаж, “Эрдэнэс Монгол”-ын хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар бодит түвшинд хамтран ажиллах боломжийг ярилцжээ.
Энэхүү форумд оролцсоноор дэлхийн 150 гаруй орны төлөөлөл болсон томоохон компаниудад үйл ажиллагаагаа сурталчлах, туршлага солилцох, бизнесийн шинэ харилцааг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг оролцогчид дүгнэж байна.
Эх сурвалж: erdenesmongol.mn