УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өдөр 14.30 цагаас эхэлж, 22.30 цаг хүртэл үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноов.
Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Тэрбээр 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арван нэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандаж байсан юм.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.