Ч.Батзаяа: Айл гэр яаж бий болдогчлон “Ehlel” электрониксийн үйлдвэрийг байгуулсан

2019 оны 11-р сарын 06 өдөр, 10 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
54_20191106102641

Ehlel” таван үсэгнээс бүрдэх энгийн энэ үгийг брэнд болгож чадсан эрхэм бол Ч.Батзаяа. Түүний бага нас, амьдрал болон өнөөгийн амжилтанд хүрэхэд ямар бэрхшээл хатуужлыг даван туулсныг хүргэе. Түүнтэй ярилцаж суухад яагаад ч юм бэ “Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно” гэх үг л санаанд орж байлаа. 

–    Бага насных нь амьдралаар яриагаа эхэлье гэж бодлоо. Магадгүй өнөөдрийн амжилтанд хүрэх эхлэл нь хүүхэд настай нь холбоотой байсан байх?  

–    Завхан аймгийн идэр суманд төрсөн. Эцэг эхээсээ дөрвүүлээ, айлын бага. Анх 2000 онд 13 насандаа Улаанбаатар хотод ирж байлаа. Сумын төвөөс Улаанбаатар хот руу нүүж байхдаа маш гоё өндөр өндөр барилга, шатаар дээш доошоо гүйсэн завгүй хүмүүс гэхчилэн үнэхээр сайхнаар төсөөлж ирсэн. Гэтэл “Уучлаарай маш том гэр хороолол”.

Хотын гэр хороололд ирээд буцаад хөдөө байх нь гоё санагдаж эхэлсэн. Учир нь давчуухан, шороо тоос бужигнасан амьдрал. Тэгээд “Да хүрээ” автомашины зах дээр жижигхэн бизнес хийж эхэлсэн.

Захын 20 орчим контейнерт дугуй хураадаг ажил хийдэг байв. Талаас илүү хувь нь надаар дугуйгаа хураалгах дуртай байсан. 13-хан настай хүүхдээр хураалгах шалтгаан нь юу вэ гэхээр маргааш дахиад тэр зүйлийг авахад эвтэйхнээр хураадаг байсан.

Миний баримталдаг зарчим бүх зүйлийг эмх цэгцтэй, баталгаатай, найдвартай хийх.

Хэзээ ч хадаасан дээр гишгэх үйлдэл хийхгүй байхыг хичээдэг.

Заавал алдаж байж ухаарах ёстой биш. Түүнээс урьдчилан сэргийлж болно.

Хашаандаа хааяа нүх ухаад мөнгөө нуучихдаг байсан. Заримдаа нөгөөхөө олохгүй. Гэрийнхэндээ мөнгө зээлдүүлнэ.

Манай аав шоолдог байсан “Миний хүү чинь аль уурын зууханд ажилладаг билээ” гэж. Халтайсан хүүхэд л гэртээ орж ирдэг байсан. Би тэнд ажиллаж мөнгө цуглуулж байхдаа машины үйлдвэр барина гэсэн хүсэлтэй байсан. Намайг машины үйлдвэр барина гэхлээр хүмүүс шоолно. Би л дотроо машины үйлдвэр барих гэж мөнгө хурааж байгаа болохоос тэнд пүүз авах гэж мөнгө хурааж байгаа хүн ховор байсан. Энэ үеэс маш сайн сурч мэдлэг авах ёстой юм байна гэдгийг ойлгож ухаарсан. Онц сураад мэдлэгтэй болбол мөнгийг олж болно гэж бодсон хэрэг.

     Тэгээд Баянзүрх дүүргийн 79-р сургуулиас 27-р сургууль буюу одоогийн Амгалан цогцолбор руу шилжсэн. Муу сурагч шилжиж очоод 8д ангид хуваарилагдсан. Хамгийн арын ширээнд сууж байв. Яагаад гэхлээр хувийн хэрэг дээр нь “бүтэхгүй нөхөр” гээд биччихсэн. /инээв/ Би 79-р сургуульд сурч байхдаа 5 дахь өдөр нь хичээлдээ суудаггүй, ажил хийгээд явчихдаг байсан. Тэгээд 27-р сургуульд шилжиж очиход аав маань уйлж байсан.

“Чи одоо нэг сурсан шиг сураадхаач дээ” гэж. Аавынхаа нулимсыг харсан хүн өөрчлөгддөг юм билээ. Наймдугаар ангид сурахдаа өөртөө зорилго тавьсан. Өмнө нь хичээлдээ муу байсан эсэх нь хэнд ч хамаагүй. Би энэ удаад сурлагаараа нэгт жагсана гэсэн зорилт тавьсан. Улирлын амралт болж дүн гарахад эрэгтэй сурагчдаас нэгт жагссан. Эмэгтэй сурагчдаас биш шүү.

–    Их сургуульд ямар мэргэжил сонгон суралцаж байв?
–    10-н жилээ амжилттай төгсөөд Монгол улсын их сургуульд хамгийн анхны ЭЕШ өгсөн. Биологийн факультетийн Биотехнологийн ангид орж байлаа. Тухайн үедээ ЭЕШ өгөхөд жагсаалтын нэгт бичигдэж байсан.

–    Яагаад Биологийн мэргэжлээр суралцах болоо вэ?
–    Биологийн олимпиадад их оролцдог сурагч байсан. Тэр үед дүүрэг болон нийслэлийн олимпиадад маш сайн оролцож байр эзэлдэг байв. Тиймээс ЭЕШ өгөхөд хамгийн өндөр оноог нь авч байсан юм. Хоёрдугаар курс хүртлээ сурсан. Учир нь бизнесээ хийх мөрөөдлөө орхиогүй. Манай ээж сонин зардаг байсан. Тухайн үед зарын сонин их борлуулалт сайтай байсан. Тэгээд оюутан насандаа “Өнөөдрийн зар” нэртэй зарын сонин хэвлэж, 3 сар ажиллуулаад дампуурсан. /инээв/ Зарын сонин гаргадаг болчихвол би мөнгөтэй болно. Мөнгөтэй болчихвол мөрөөдлөө биелүүлнэ гэж бодсон.

–    Дампуураад сэтгэлээр унасан уу?
–    Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ гэж ярьдаг. Ингээд сониноосоо хойш өөрийн сонирхлоор бие дааж вэб сайт хийж сурсан. Дараа нь вэб сайт хийдэг компанид сарын 400 мянган төгрөгийн цалинтай ажилд орж байв. Компаниуд маш их вэб хийлгэдэг байсан. Энэ үедээ өөрийн гэсэн вэбтээ болох ёстой юм байна гэсэн санаа төрсөн.

Анхныхаа цалингаар америкаас домэйн нэрийг худалдаж аваад Amjilt.com-ыг үүсгэсэн. Дуу, кино, программ татдаг вэб нээсэн юм. Тухайн үед Amjilt.com, Ehlel.com, Xopom.com, Miniih.com тэргүүн вэб сайтууд байсан. Бүгд нэг үеийн залуус өрсөлддөг байв. Анх ажиллаж байсан компаниасаа тусдаа гарч бие даан өөрийн вэб хөгжүүлдэг компаниа нээсэн. Эндээс нэг зүйлийг харсан. Онлайн худалдаа болон зарын сайт их мөнгө олдог юм байна гэдгийг анзаарсан. 2012 онд онлайн худалдааг хийж үзсэн. Тэгэхэд нэг сарын дотор өмнө нь вэб хийж байсан хугацааны бүх мөнгөө олсон.

–    Борлуулалт сайтай байжээ?
–    Тийм шүү. Эрээнээс захиалсан бараагаа авчираад орой унтаад сэрэхэд зарагдчихдаг байсан. Борлуулалт үнэхээр сайн байсан учраас онлайн худалдааг үзүүлээд өгөх юм байна гэх бодол төрсөн. Энэ үеэс Алибаба компанийг судалж эхэлсэн.

–    Өөрийнхөө амьдралд суралцсан үе гэвэл ямар үеийг хэлэх вэ?
–    Одоо ч гэсэн суралцаж л байгаа. Өнгөрсөн хугацаанд намайг хамгийн их ухааруулсан зүйл гэвэл хямрал, уналтын үе байсан. Мөнгөгүй, өр зээлээ төлж дийлэхээ байсан тэр он жилүүд амьдралд хамгийн их сургасан гэж бодож байна. Амьдралаас шанаа авна гэж ярьдаг. Хөөрчихсөн хүнийг шанаадхад даруулгандаа ордог шиг л.

–    Сэтгэлээр унах үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулж, урам зориг өгдөг вэ. Эргээд сэхэхэд юу нөлөөлж байв?

–    Зорилго. Сэхэхгүй л бол болохгүй ш дээ гэсэн бодол. Аливаа зүйлийг хийхдээ “Үүнийг би заавал хийнэ” гэж өөртөө үүрэг өгдөг. Энэ миний алхам, нэг шат, үүрэг хариуцлага гэж хардаг. Миний хувьд аливаа зүйлийг бодитоор харж чаддаг. Чадаж байвал урамшаад чадахгүй бол гутардаг. Гэхдээ чадахгүй зүйл дээрээ төвлөрдөггүй. Зүгээр яаж чадах тухай л боддог. Сэтгэлээр унах, хөөрөхийг буруу гэж үздэг. Гаднаа ямар ч харагдаж болно. Шийдвэрийг яг тэгш гаргах ёстой.

Өглөө сэрээд боломжийнхоо төлөө зүгээр зүтгэ. Хэн болмоор байгаа юм. Чиний өнгөрсөн хугацаанд хэн байсан нь хэнд ч хамаагүй.

–    Өглөөг хэрхэн угтаж, ажлын өдөр яаж өрнөдөг вэ?

–    Өглөө босоод нүүр, гараа угаана. Бурханд 21 удаа мөргөж, залбирдаг. Дараа нь гэртээ ажлынхаа өрөөнд орж процессыг харна. Барааны нийлүүлэлт, борлуулалт, элсэгчдийн тоо гэхчилэн бүх мэдээлэл тоон үзүүлэлтээр явагддаг. Тэгээд маркетинг, менежмент, сургалт, борлуулалт, үйлдвэрлэлийн албаны ажилчдынхаа сарын төлөвлөгөөний биелэлтийг шалгаж хянадаг. Хэрэв процессын дагуу биш байвал зайнаас арга хэмжээ авдаг байгаа. Түүний дараа өөрийн хувийн төлөвлөгөөгөө харна. Ихэвчлэн оройн 18:00 цагт ажлаа дуусгахыг хичээдэг боловч зарим тохиолдолд оройтдог.

–    Төлөвлөгөөгөө юун дээр бичдэг вэ?

–    Google keep дээр бичнэ. Ажлын ачаалал ихтэй үед алхам алхмаар төлөвлөдөг. Ачаалал багатай үед самбарт зурж байгаад цаасан дээр буулгаад “Google keep”-т оруулдаг. Төлөвлөгөөг гаргахдаа зурах нь их чухал. Төлөвлөсний дагуу ажлуудаа хийнэ. Цаг хугацаа хэмнэхийн тулд аль болохоор механик ажлаас татгалздаг.

–    Төлөвлөгөөний дагуу ажиллаж байх явцад тооцоолоогүй хүндрэл бэрхшээлүүд гардаг байх. Үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

–    Бүх зүйл төлөвлөснөөр хэзээ ч өрнөхгүй. Төлөвлөснөөс өөр асуудал гарч ирнэ. Хамтрагч чинь хаяж явна, зээл бүтэхгүй, реклам чинь хаагдана, тусгай зөвшөөрөл гарахгүй гээд төсөөлөөгүй өчнөөн бэрхшээл бий болдог. Бизнес хийж байгаа бол энэ бүх бэрхшээлүүд хэзээ ч дуусашгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар ч тохиолдолд. Энэ бүх зүйл хэзээ дуусах юм бэ. “Голын ус хэзээ урсаж дуусах юм бэ” гэдэг зүйр үгтэй яг ижил. Үнэхээр амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол өнөөдөр хэн гэдгээ олж хар. Хаана очихоо мэдэх ёстой. Ямар ч тохиолдолд бид бүх зүйлийг өөрчилж сурах ёстой. Эсрэгээрээ илүү сайхан боломж ч бий болж болно.

Гэхдээ бэрхшээлийг урьдчилан харж тооцоолох нь зөв. Тухайлбал, баяр наадмаар олон хоног амрах, үйлдвэрийн машин эвдрэх ч гэдэг юмуу. Ийм тохиолдолд төлөвлөгөө хоцордог. Манай компанийн хувьд төлөвлөгөөгөө тулгаж хийдэггүй. 7 хоногт 1000 USB үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байлаа гэж үзэхэд хугацааг нь 10-12 хоногоор тооцож төлөвлөгөөндөө тусгадаг байгаа. Тэгэхгүйгээр тулгаж тооцвол эрсдэл маш өндөртэй байна. Мөн эрсдэлээ тооцож ажиллана. Зах зээл дээр байгаа барааны эргэлт 40 хувь гэж үзэх юм бол нийлүүлэлтээ хийдэг. Мэдээж төлөвлөх явцад хүндрэл гарах эрсдэлээ тооцож төлөвлөгөөгөө хугацаатай, баталгаатай байлгахыг хичээдэг.

–    Өөрийн тань “The NOM” ном худалдаанд гараад борлуулалт сайтай байгаа нь анзаарагдсан. Батзаяа номоо хэдий хугацаанд бичиж гаргадаг вэ?

–     Ер нь ярихаас илүү бичих дуртай. Сэтгэл огшиж бичмээр санагдах үе гардаг. Тэр бүртээ өөрийн /Batzaya/ гэсэн пэйждээ бичнэ. Сардаа юмуу долоо хоногтоо нэг удаа нийтлэл оруулдаг. Тэр нийтлэлүүдийн түүвэр нь юм. Тэдгээр бичсэн нийтлэлээ нэгтгэж ном болгодог гэсэн үг. Тиймээс ном гаргах тодорхой хугацаа гэж байдаггүй.

–    Яагаад мотиваци хийх болсон бэ. Илтгэл мотиваци хоёр нь юугаараа ялгаатай вэ?

–     Motivation Grid, Fearless Motivation гэхчилэн алдартай сувгуудыг их сонирхдог. Монгол хэлэнд хөрвөж буусан юмуу эсвэл монгол хүн зохиосон мотиваци нийтлэл бага байдаг юм билээ. Илтгэл бол тухайн сэдвийг нотлох эсвэл үгүйсгэх гээд байдаг. Эсрэгээрээ мотиваци нь нотлох ч хэрэггүй, үгүйсгэх ч шаардлагагүй бодит байдлыг хэлдэг. Хүнийг өдөөж, сэдэл төрүүлдэг мотиваци ховор байдаг юм билээ.

–    Анхны мотиваци эвэнтийг хэрхэн зохион байгуулж байв. Хэр амжилттай болж  байсан бэ?

–    Анх 150 мянган төгрөгийн такстай 200 хүний эвэнт зохион байгуулж байв. 30 сая төгрөг. Төрийн байгууллага болон амжилттай яваа залуусыг эвэнтдээ урьж яриулсан. Гэтэл өдрийн 13:00 цагийн үед үзэгчдээс “Таалагдахгүй байна. Мөнгөө буцааж авъя. 150 мянган төгрөгөөр ийм онол сонсох гэж ирээгүй” гэхэд нь гол зураад л явчихсан. Тухайн үед бүх мөнгийг бизнестээ хөрөнгө оруулах гээд хэрэглэчихсэн байсан.

Тэгээд та байж байгаарай гээд гуйсан. Миний ярих цаг ч ирлээ. Хэрэв ярьж чадвал санаа амар хоол иднэ. Ярьж чадахгүй бол ингээд л сүйрлээ гэсэн бодол толгойд бууж байсан. Ингээд 17:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл бүтэн таван цаг зогсоогоороо ярьсан. Сандрахад хүнээс хүч гардаг юм билээ. Сүүлдээ хөл бүр яалт ч үгүй өвдсөн. Ярьж дуусахад хүмүүс бүгд босч танхимаар дүүрэн нижгэнэсэн алга ташилт болж байсан.

–    Амжилт гэдэг нь таныхаар ямар ойлголт вэ?

–    Хүч. Амжилтанд хүрч чадвал асар олон хүнд нөлөөлж чадна. Хэн ч танихгүй хүн ямар нэг үг хэлвэл хүмүүс тоохгүй. Гэтэл чи амжилтанд хүрч чадвал хүнд нөлөөлнө. Энэ юу гэчих вэ гэж анзаарна. Тэр хэрээр хариуцлагатай байх ёстой. Бодит зөвлөгөө өгөх ёстой.

–    Амжилтанд хүрэхийг хүссэн залуус маш их байна. Тэр хэрээр амжилтанд хэрхэн хүрэх талаар зөвлөгөө, мэдээ мэдээлэл их гарах болж. Гэвч хүн хүссэн шигээ шууд амжилтанд хүрч чадахгүй байгаа нь юутай холбоотой гэж үзэж байна вэ. Энэ тал дээр уншигч болон шинэ бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгвөл?

–    Эргэлзээ. Хийх гэж буй ажлаа огт бүтэхгүй мэт ойлгож хандах нь элбэг байдаг. Амжилтанд хүрэхийг хүсэж тэмүүлчихээд замын дундаас буцдаг. Жишээ татаж ярья л даа. Нэг залуу аль нэг компани дээр очиж бизнесийн санаагаа хэлж танилцуулъя гэж бодъё. Тэр уулзалт маш товчхон байх ёстой. Бас хүний үгийг сонсдог байх хэрэгтэй. Хүмүүсийн сул тал нь хүний яриаг сонсдоггүй.

Хүний үгийг сонсохгүй бол цаад хүн чинь чиний маш гоё санааг ойлгодоггүй. Гол санаагаа товчхон бөгөөд шулуун хэлж ойлгуулах нь чухал. Хамтарснаараа ямар үр дүнд хүрэх гэж байгаагаа ярих нь зөв. Чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж, эргэлзээг нь тайлах хэрэгтэй. Түрүүлж мөнгө ярихгүйгээр ирээдүйг нь нүдэнд харагдтал ярь. Мэдээж анхны уулзалт амжилттай болохгүй нь элбэг. Дараа дараагийн уулзалт бүрт туршлагажина. Нэг өдөр л чиний уулзалт амжилттай болно. Гол нь зогсож болохгүй.

–    Гарааны бизнес буюу “Старт ап” хөдөлгөөн монголд маш хүчтэй явагдаж байна. Олон залуус шинэ бизнесийг эхлүүлж байгаа. Шинэ технологийг ашиглаж дэлхийн тавцанд гарч байна. Таны  хувьд мэдээлэл технологи болон электрониксийн үйлдвэрийг амжилттайгаар эхлүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гарааны бизнесээ эхлэхэд ямар асуудал тулгарч байв. Хамгийн хэцүү алхам нь юу байсан. Хэрхэн даван туулсан талаар товчхон ярьвал?

–    Миний хувьд улсдаа электроникийн бараа бүтээгдэхүүн хийнэ гэдэг нь хамгийн том мөрөөдөл. Дээр дурьдсанчлан мөрөөдлөө олон жилийн өмнө олж авсан. “Электрон барааг хийснээр маш их мөнгө олох юм байна. Гар утасны чихэвч үйлдвэрлэвэл баян болох юм байна” гэсэн бодол толгойд байгаагүй. Хэн нэгнийг дуурайж, хэн нэгнээс зөвлөгөө аваагүй. Хүүхэд байхдаа “Sony, Sega” гээд тоглоомыг их хардаг байсан. Яагаад энэ тоглоомыг монголчууд өөрсдөө хийхгүй байгаа юм бэ гэж өөрөөсөө их асуудаг байлаа. Гэрийнхээ зурагт, комьпютерын гарыг хараад “үүнийг би хийх юмсан” гэсэн тэмүүлэлтэй байсан.

Монголд хийсэн электрон бараа хаана байгаа юм бэ гэж томчуудаас асуудаг байв. “Да хүрээ” зах дээр машин угаадаг байхдаа японд ийм гоё машин хийчихсэн байхад монголд яагаад хийдэггүй юм бэ. Тэр машинд сууж байсан мэдрэмж үнэхээр гайхалтай. Яаж ингэж хийдэг байнаа. Машин хийх гэсэн хүсэл маань намайг электрон бараа хийнэ гэсэн мөрөөдөл, тэмүүлэлтэй болгосон. Арван жилд байхаасаа энэ мөрөөдлөө огт гээгээгүй.

Манайд компьютер биш дан ганц гар байдаг байсан. Тэр гарыг барьж суугаад цонх руу ширтээд яг л компьютер дээр шивж байгаа юм шиг л төсөөлдөг байсан. Энэ мөрөөдлийг минь хөндлөнгийн хүмүүс тоглоом шоглоом хийж “явуулдаг” байсан. Тэгээд БНХАУ-ын Гуанжоу хотод очсон. Түм түжигнэж, бум бужигнасан газар. Хүний чадварыг жинхэнэ шалгадаг.

Чи чадвартай бол оргилд гар, чадваргүй бол хэн ч биш. Мөнгөтэй бол хаан болж болно. Мөнгөгүй бол чи хэн ч биш. Чиний хэн байх тэнд огт хамаагүй. Зөвхөн мөнгөний дүрэм л тэнд үйлчилнэ. Тийм хотод 20 гаруйхан насандаа очиж байсан. Эхний удаад тэндээс өөрийн хүсэж, санаж байсан зүйлээ босгож чадаагүй. Гэхдээ хичээж байгаад Алибаба компанитай гэрээ хийж чадсан боловч миний төлөвлөсөний дагуу бүх зүйл өрнөөгүй. 2016 оны 10 сард Монголдоо буцаж ирсэн.  Энэ үедээ жижигхэн ч гэсэн хамаагүй үйлдвэр нээнэ гэсэн зорилготой болсон. Тэгээд хамгийн түрүүнд чихэвч хийсэн.

Бүхнийг эхлүүлэхэд надад мөнгө байгаагүй. Гуанжоуд байх хугацаандаа бүх зүйлийг судалсан. Тоног төхөөрөмжөө хэрхэн яаж угсрах вэ. Яаж хийх вэ гэхчилэн. Жижиг өрөөндөө эд анги бүх зүйлийг нь угсарч өөрийн “Эхлэл” хэмээх логотой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гайхалтай сайхан мэдрэмжийг авч байсан. Ингээд явцын дунд гагнуурын машин, цавууны машин гэх мэт айл гэр яаж бий болдогчлон бүх зүйлийг нэмж явсаар өнөөдөр 2019.09.19-ний өдөр “Ehlel” электрониксийн үйлдвэрийг нээж чадсан.

Ярилцсанд баярлалаа.

Т.Дашмаа

Эх сурвалж: www.Zuv.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.126.88.***)
    2019/11/06 14:02

    urd uildverleed oruulj irj zardag, naimaanii l neg helber

    (0) (0)