Сөүл хотноо 2019 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд “Зүүн хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны форум” ( Northeast Asia Peace and Cooperation Forum 2019) болж байна.
БНСУ-ын ГХЯ болон Сежон судалгааны хүрээлэнгээс 2014 оноос хойш зохион байгуулж буй энэ удаагийн хурал “Зүүн хойд Азийн энх тайван ба хөгжил: Солонгосын хойгийг Зүүн хойд Азитай холбох боломж” сэдвийн доор болж байна. Эл ерөнхий сэдвийн хүрээнд Зүүн хойд Азид энх тайван, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан итгэлцлийг бэхжүүлэх, Зүүн хойд Азид хил дамнасан агаарын бохирдлыг бууруулах, БНСУ-Япон-БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны туршлага ба Зүүн хойд Азийн улсууд хооронд итгэлцлийг бэхжүүлэх арга замууд, Зүүн хойд Азийн улсуудын төрөл бүрийн салбар дахь (спорт, олимпизм, соёл, аялал жуулчлал зэрэг) гурван талт хамтын ажиллагааны боломж зэрэг олон чиглэлээр хэлэлцэж байна.
Уг хуралд оролцож буй манай улсын төр, судалгааны байгууллагын төлөөлөгчид Засгийн газрын төлөөлөгчдийн Нэгдүгээр сувгийн уулзалт болон салбар хуралдаан дээр байр сууриа илэрхийлж, бусад улсын төлөөлөгчтэй санал бодлоо солилцов.