ТББХ: Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2019 оны 11-р сарын 05 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5e16bcc2-266c-4a8b-836d-653d78eae82a

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.11.05) хуралдаанаар Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл -ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороодод шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийлээ. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлт сэргэж, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш Монгол Улсын нэгдсэн төсөв 8 жилийн дараа анх удаа ашигтай гарсан эерэг үзүүлэлт боллоо.

Энэхүү боломжид суурилан Засгийн газраас 2020 онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ зорилтын хүрээнд:

– Төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэн төсвийг эрүүлжүүлэх, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ;

– Засгийн газрын 2012-2016 онд гаргасан бондуудыг эргэн төлөхтэй холбогдуулан төсвийн алдагдлыг хуульд заасан хэмжээнээс сайжруулах, татварыг бүрэн тэгш хураах боломжийг бүрдүүлнэ;

– Зарлагын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлнэ;

– Өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөоөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлнэ;

– Бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг сайд танилцуулгадаа онцоллоо.

Мөн Засгийн газрын зүгээс 2021-2024 онуудад төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын өндөр хүүтэй гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт үүсгэхгүй байх өрийн менежментийг хэрэгжүүлж ажиллана. Түүнчлэн гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж дуусгаснаар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэдгийг хэллээ.

Харин төсвийн орлогын хүрээнд бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлогын арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг дурдав.

Энэ үндсэн дээр Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн. Түүнчлэн ирэх онд гааль, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, газрын бүртгэлийг цахимжуулж газрын төлбөр хураалтыг сайжруулан, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилж нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 125.2 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 977 тэрбум төгрөг төвлөрүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод бонд гаргахгүй гэдгийг онцлов.

Байнгын хорооны хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрэээнд хамаардаг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Төрийн албаны зөвлөл зэрэг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон зарим удирдлага, мөн Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг оролцсон юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сонгуулийн хууль батлагдаагүй байхад Сонгуулийн ерөнхий хороо ирэх оны төсвөө хэрхэн тооцож оруулж ирсэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох асуудал ирэх онд хэрэгжих эсэх, төсөвт хөрөнгө мөнгө тусгагдсан эсэхийг ажлын хэсгээс тодруулсан юм.

Гишүүдийн асуултад хариулт өгсөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: Сонгуульд улсын төсвөөс зарцуулах зардлын хэмжээг хуулиар тодорхой зааж өгсөн. Иймээс ирэх онд явагдах сонгуулийн зардлыг хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээтэй харьцуулан төсөвтөө суулгасан. Сонгуулийн тухай хууль хэзээ батлагдахаас үл хамааран төсөвт ямаг нэг өөрчлөлт орохгүй гэсэн бол Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлж, бүх хүүхдийн 60 хувьд олгохоор тохирсон байсныг 80 хувьд нь олгохоор болж, энэ арга хэмжээ хэрэгжиж байгаа. Гэхдээ хүсэлт гаргасан хүүхдийн тоог нарийвчлан гаргасан тооцоо судалгааг үндэслэн ирэх онд хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохоор тооцож төсөвт суулгасан. Тиймээс ирэх онд хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгө авах боломжтой гэсэн хариулт өгөв.

Харин энэ хариулттай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл санаачлан өргөн мэдүүлсэн ч хэлэлцэгдээгүй байгаа. Иймээс энэ тогтоолын төсөл батлагдаж байж хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох эрх зүйн орчин бүрдэх учраас тогтоолын төслийг ирэх оны төсвийн хэлэлцүүлэгтэй хамтад хэлэлцэж шийдэх шаардлагатай байна гэдгийг хэллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат ирэх оны төсөвт төсвийн орлого, зарлага, алдагдал их өсөхөөр тусгагдсаны дагуу эрсдэлийг хэрхэн тооцсон,  хөрөнгө оруулалтын хуваарилалт оновчгүй байна гэж гишүүд шүүмжлэлтэй хандаж байгааг зассан эсэх, мөн түүх дурсгал, соёлын зарим барилга байгууламжийг заавал буулгаж шинээр барина гэхгүйгээр заримыг нь сэргээн засварлаж хүчитгэн насжилтыг уртасгах арга хэмжээ авах нь зөв юм биш үү гэдгийг ажлын хэсгээс тодруулж хариулт авав. Эцэст нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ирэх оны төсвийн тухайд тулгамдаж буй асуудал байгаа эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн төсвийн захирагч, холбогдох албан тушаалтнуудаас асууж тодруулан саналыг нь сонссон юм.

Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх