Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2019 оны 10 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй нийт 267 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хэмжээнд 25 дуудлага мэдээлэл буюу 9,4 хувь нь бүртгэгджээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 25 дуудлага мэдээллийг нарийвчлан авч үзвэл шөнийн цагаар буюу 00-06 цагийн хооронд 3, 21-00 цагийн хооронд 10, 13-17 цагийн хооронд 4, 17-21 цагийн хооронд 8 бүртгэгдсэн бөгөөд 44 хувь буюу 11 нь согтуугаар үйлдэгдсэн байна.
Үүнээс гэр бүлийн хамаарал бүхий этгээд нь зодоод байна гэх 10, агсам тавиад байна гэх 7, бусад 8 дуудлага мэдээллийг тус газрын алба хаагчдаас материалжуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.
Дуудлага, мэдээллээс дурдвал:
- Сүхбаатар дүүргийн 7-р хороо, “Нөхөр байнга архидаад агсам тавиад хэл амаар доромжлоод байна” гэх дуудлага мэдээллийг шалгаж хохирогч О-д аюулын зэргийн үнэлгээ хийж, холбогдогч Б-г эрүүлжүүлсэн.
Мөн тус Цагдаагийн газраас эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 60–70 хувь нь гэр бүлдээ түгшүүр төрүүлсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд байна. Судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 98 хувь нь эрүүл сэтгэцтэй, хоёр хувь нь сэтгэцийн өвчтэй гэдэг нь тогтоогдсон байдаг.
Иймд тус цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэр дүүрэн инээмсэглэл” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд хүчирхийлэл үйлдэгдчид хуулийн дагуу хариуцлага тооцох, тэдний муу зан үйл, дадал зуршлыг өөрчлөх сургалт, ухуулга нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах зэргээр ажиллаж байна.