П.Ганхүү: Нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөртэй төслүүдээ эрчимжүүлж байна

2019 оны 08-р сарын 20 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5d5b92018f28a8.81721572

Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал манай улсад анх удаа болж байна. Энэ удаагийн хурал “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам, “Эрдэнэс Монгол” ХХК болон Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгууллаа.

Тус хуралд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү илтгэл тавьж, нийгэм-эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүд болон хамтран ажиллах боломжуудаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулав. Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин болон хараат 15 компанийн 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж, алт, зэс, мөнгө, нүүрс уран, газрын тос, байгалийн хий зэрэг эрдсийн төрөлжүүлэлтээр үйл ажиллагаа явуулж буйг дурдав. Энэ хүрээнд нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэрхүү төслүүд нь санхүүгийн өгөөжөөс гадна нийгэм эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлж, бизнесийн шинэ боломжийг бүрдүүлж, цаашлаад ажлын байр бий болох, хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Эрдэнэс Монгол” ХХК БНХАУ-ын Стэйт Грийд корпорацитай хамтран Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлж буй. Энэ нь Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төсөл юм. 2018 оны есдүгээр сард Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын дорнын эдийн засгийн форумд оролцох үеэр БНХАУ руу эрчим хүч экспортлох төслийг  эрчимжүүлэх талаар мэдэгдсэний дагуу компанийн зүгээс тодорхой арга хэмжээ авч буйгаа илтгэлд дурдсан. Мөн охин компани болох “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтран нэмүү өртөг шингээх “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж буй бөгөөд манай улсын хувьд аж үйлдвэрийн цогцолборын эхлэл болохоос гадна гангийн экспортлогч болох ирээдүй бийг онцлов.

“Эрдэнэс Монгол” ХХК эдийн засгийн шинэ салбарыг бий болгож, нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлж байна. Нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах том ажлыг эхлүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт стратегийн томоохон орд газруудаа эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих асуудлууд тусгагдсан бөгөөд энэ төсөл хэрэгжсэнээр олон жил яригдаж, шийдлээ хүлээж буй агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтойг онцолсон. Цаашлаад нийтийн тээврийн хэрэгслийг байгалийн хийгээр хангах боломжтойгоос гадна ажлын байр нэмэгдэж, гадны түнш, хөрөнгө оруулагчидтай бизнесийн шинэ харилцаа үүснэ гэдгийг илтгэлдээ дурдсан юм. Түүнчлэн мөнгөний тодорхой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд ажлаа эрчимжүүлж байгаа аж.

“Эрдэнэс Монгол” ХХК Багануур зэрэг ордод түшиглэн кластер байдлаар нүүрс боловсруулах, цахилгаан станц барих, хийн болон синтетик түлш гаргах, нэмүү өртөг шингээх бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар судалж байгаа бөгөөд энэ чиглэлд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломж нээлттэйг илэрхийллээ.

Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан-Ки Мүүн уулзалтыг нээж үг хэлсэн. Тэрбээр “Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан, Азийн түншүүдтэй харилцаагаа бэхжүүлж буйг тэмдэглэх нь зүйтэй. Монгол, Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн бусад орны хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд хүрч байна. Байгалийн нөөцийн боловсруулалт, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа нь эдгээр улсад үр өгөөжөө өгч, Азийн эдийн засагт эерэг түлхэц үзүүлэв. Түүнчлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор нь оролцогч орнуудын хоорондын түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, улмаар Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлж, бүс нутгийн нийтлэг хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна” гэлээ.

Азийн төлөөх Улаанбаатарын бага хуралд мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар оролцож үг хэлэв. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг Монгол, Хятад болон бусад орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, илтгэл тавилаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх