Нийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр дээд боловсролын эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд манай орон дээд боловсролын салбараа дэлхийн нийтлэг жишигт хүргэх шаардлага тулгарч байна. Иймд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, төр болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын төлөөлөл оролцсон “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт томхон хэмжээний хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохиогдлоо.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.18-д заасан “…судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх” заалтыг үндэслэн Монгол Улсын хөгжлийн “Алсын хараа-2045” стратегийг төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын санаачилгаар ажлын хэсэг байгуулан судалгаа хийж, үзэл баримтлал боловсруулснаа хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
Хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол удирдаж, Байнгын хорооны гишүүд, эрдэмтэн, судлаачид оролцож Монгол Улсад “Судалгааны их сургууль байгуулах үзэл баримтлал”, “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл, шийдлүүд” гэсэн танилцуулга, илтгэл сонсож, төрөөс нэн даруй авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар саналаа солилцлоо.
Манай их сургуулиудын хувьд өнөөдрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхгүйгээр ажиллавал дэлхийн түвшинд ойрын жилүүдэд хүрэх магадлал бага байна гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг онцоллоо. Тухайлбал, судалгаагаар манай улсын их сургуулиуд: нэгд, авьяасын төвлөрөл бий болгож чадаагүй, хоёрт, удирдлагын оновчтой бүтэц, манлайлал дутмаг, гуравт, дэлхийн түвшинд хүрсэн сургалтын хөтөлбөрүүд тэр тусмаа гадаад хэл дээр явагддаг хөтөлбөрүүд хангалтгүй, дөрөвт, судалгаа, шинжилгээ, инновацийг дэмждэг дэд бүтэц бүрэн бүрэлдэн тогтоогүй, тавд, их, дээд сургуулийн багш нарын 20%-30% нь эрдмийн зэрэг, цолтой байгаа нь судалгааны их сургуульд тавигдах шаардлагаас нэлээд доогуур байна гэжээ. Гэхдээ эрдмийн зэрэг, цолтой багш нарын 30% нь гадаадын их, дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан багш нар байгааг харахад төрөөс дэмжлэг үзүүлбэл судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах нөхцөл, боломж бүрэн байгааг харуулж байна.
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ҮР ӨГӨӨЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлгээс “Улс эх орныхоо хөгжлийг мэдлэгээр түүчээлэх дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулах” нөхцөл бүрдсэн, энэ алхмыг нэн даруй эхлүүлэх, эрс шийдмэг шийдвэр гаргах хэрэгтэйг оролцогчид дурдаж байлаа.